“УИХ-д худал мэдээлэл өгвөл хатуу хариуцлага тооцдог болно”

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“УИХ-д худал мэдээлэл өгвөл хатуу хариуцлага тооцдог болно”

УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг Байнгын хороогоор дэмжиж,  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр  болсон. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг С.Бямбацогттой ярилцлаа.


-Хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байна вэ. Төслийн зорилго нь юу юм бол?

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь  хууль боловсруулах, тогтоох үндсэн үүргээс гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хангалттай, сайн хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс манай улсын хуулийн хэрэгжилт сул байна. УИХ хууль батлаад байдаг, батлаад байдаг. Баталсан хуулийг нь хэрэгжүүлэх үүргийг Үндсэн хуулиар Засгийн газар, түүний харьяа байгууллагууд  хүлээсэн атлаа хэрэгжилт  хангалтгүй байдаг тул  ард иргэд бухимдалтай байдаг. Гаргасан хууль нь яаж хэрэгжиж байгаа, ямар хууль баталсан нь мэдэгддэггүй, мэдээлэл байдаггүйгээс иргэдийн эрх  зөрчигддөг, хохирдог. Тиймээс төр засагтаа итгэх итгэл алдардаг, төрийн үйл ажиллагаа муу, төрийн албан хаагчид хангалтгүй ажилладаг, УИХ муу хууль баталдаг гэх зэргээр буруутгадаг. Иймээс олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх,  хуулийн хэрэгжилтэд  хяналт тавих  УИХ-ын үндсэн үүргийг   өргөн хүрээнд  чангатгах зорилгоор энэ төслийг санаачилсан.Гаргасан хууль нь яаж хэрэгжиж байгаа, ямар хууль баталсан нь мэдэгддэггүй, мэдээлэл байдаггүйгээс иргэдийн эрх  зөрчигддөг, хохирдог. Тиймээс төр засагтаа итгэх итгэл алдардаг, төрийн үйл ажиллагаа муу, төрийн албан хаагчид хангалтгүй ажилладаг, УИХ муу хууль баталдаг гэх зэргээр буруутгадаг. Иймээс олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх,  хуулийн хэрэгжилтэд  хяналт тавих  УИХ-ын үндсэн үүргийг   өргөн хүрээнд  чангатгах зорилгоор энэ төслийг санаачилсан.

-Хэн хариуцлага хүлээхээр хуулийн төсөлд тусгаж байгаа вэ. Төрийн албан хаагчид үүнд хамааралтай юу?

-УИХ-ын чуулган буюу Байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын гишүүн, холбогдох албан тушаалтнууд тухайн хуралдааныг аргалах, өөрийгөө цэвэрхэн авч гарах зорилгоор асуултад хариулж, мэдээлэл хийдэг. Гэтэл уг асуудлыг эргээд нягтлахаар худлаа, зөрүүтэй төдийгүй  асуултын хариулт тодорхойгүй, тойрч бултах хэлбэрээр хариулсан байдаг. Үүнийг  шалгаж, нягтлаад  үзэхээр үнэн зөв хариулах, товч тодорхой оновчтой мэдээлэл өгөх нь УИХ-ын дэгийн тухай хуулиар  зохицуулагдаагүй байна . Энэ зохицуулалтыг сайжруулснаар  хуралдаанд оролцож буй Засгийн газрын гишүүн, холбогдох албан тушаалтнууд хэрвээ худал хариулах, асуултаас тойрч бултах, оновчтой хариулахгүй бол хариуцлага тооцдог болох юм. Энэ үүднээс төрийн эрх барих дээд байгууллагадаа үнэн  зөв, бодитой, оновчтой, тодорхой мэдээлэл өгдөг болговол төр, засгийн бодлого шийдвэр зөв зүйтэй болно. Ялангуяа төрийн албан хаагчид, Засгийн газрын болон холбогдох албан тушаалтан УИХ-д мэдээлэл хийхдээ худал биш  үнэн зөв хариулдаг  байгаасай гэдэг үүднээс хариуцлага тооцох асуудлыг хөндсөн.

-Хариуцлагын  ямар  арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан бэ. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын хүлээх  хариуцлагыг тодорхой заасан байдаг. Гэтэл зарим гишүүн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэх юм?

-Төрийн албаны тухай хууль, тухайн салбарын эрх зүйн байдлын тухай хуулиудаар зөрчил гаргавал ямар  хариуцлага тооцох тухай заасан байдаг. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдаанд үнэн зөв мэдээлэл өгөхгүй, асуултаас бултсан, худал  мэдээлсэн, төрийн үйл ажиллагаанд хууран мэхлэх замаар мэдээлэл өгсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай заалт байдаггүй л дээ. Тиймээс тодорхой зааж өгөх хэрэгтэй байгаа юм. УИХ-ын чуулган дээр үнэнийг хэлэх ёстой юм байна шүү гэдэг ухамсрыг нь сэргээж өгөх цаг болжээ. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гадаадад байдаг жишгийг хэлж байсан. Парламент нь ард түмний  төлөөлөл. Ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байгууллага. Ард түмнийг, Төрийг, Монгол Улсыг хуурч мэхлэвэл төрийн  эсрэг гэмт хэрэг гэж үзэх ёстой. Энэ үүднээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Бүр чангатгах ёстой. Хариуцлагын тогтолцоог оруулж ирж байгаа энэ хууль сул байна гэсэн    саналыг илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн явцад хариуцлагын тогтолцоог тодорхой тусгаж, УИХ-д үнэн мэдээлэл өгөөгүй этгээдэд хатуу хариуцлага тооцдог болно.

-Таван сарын дараа УИХ-ын  бүрэн эрхийн хугацаа дууслаа.  Тиймээс парламентын  хуулийг сайжруулах шаардлага байгаа юм уу?

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага  сайн ажиллах, ард түмний итгэлийг даах, хөгжих, чадавхитай чадамжтай байх ёстой. Парламент хэр хүчирхэг байна тэр хэрээр Монголын төр хүчирхэг байна. Тиймээс өөрөө өөрийгөө сайжруулах хуулийг энэ УИХ хийх ёстой. Дараагийн Их хуралдаа даатгаад үлдээх ёсгүй гэж би боддог. Их хуралд дахин сонгогдохгүй, суухгүй гэж байгаа хүмүүс үүнийг тоохгүй байж магад. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг хандаж байж болно. Гэхдээ төрийн төлөө ажиллаж байгаа хүмүүс цаг алдалгүй тасралтгүй, тогтвортой, хүчирхэг үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлээд явж байх ёстой.

-Хуульд өөрчлөлт орсноор худлаа мэдээлэл өгсөн бүхэн хариуцлагад татагддаг болох уу?

-Хуулийг хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдад бүгдэд нь энэ хууль үйлчилнэ. Зөвхөн төрийн албан хаагч төдийгүй ард түмний эрх ашгийг хохироож байгаа хүмүүст үйлчлэхээр хуулийн төсөлд тусгасан.  Энэ бол УИХ-ын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих функцээ сайжруулж байгаа хэрэг.

-Үнэн худал мэдээлж байгааг яаж тогтоох вэ. Худлыг ч яахав олж болно биз. Би худал мэдээлээгүй гээд шүүхээр заргалдах асуудал үүсэх юм биш үү?

-Туйлын болон харьцангүй үнэн гэж философийн ухагдахуун ярьж болно. Төрийн үйл ажиллагаа албан ёсны бичиг, тоо баримт,  статистик үзүүлэлт дээр тулгуурлаж  явагддаг. Тиймээс худал, үнэн албан ёсны бичиг баримт дээр үндэслэгдэх болно. Үүнийг баримтлах үдсэн зарчмаа болгоно. Хууль, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дагаж гарсан журмууд, үйл ажиллагаануудыг хэрхэн тай­лагнаж байгаа, зорилгодоо хүрч чадсан эсэх хэмжүүрээр хэмжинэ.

-Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Хуралдааны асуулга, асуулт, хэлэлцүүлгийг  үр дүнтэй болгохыг зорьсон. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн таван минутад багтаагаад таваас илүүгүй удаа асууж байхаар хуулийн төсөлд тусгасан. Мэтгэлцээний зарчим дээр төсөл хэлэлцэх гэсэн юм. Өнөөдөр бид нэг удаа асуулт асуудаг. Нөгөө хүн бултаад, асуултаас тойрч, тойрч хагас дутуу хариулах маягаар хэлэлцүүлэг өрнөдөг. Худал хэлээд байгааг нь мэдсээр байж УИХ-ын гишүүн яаж ч чаддагүй. Тиймээс товч тодорхой асуугаад, түүн шигээ хариулт авдаг болно. Ийм байдлаар хэлэлцүүлэг явуулбал бодитой мэдээлэл гарах юм.

Л.Сугар

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж