Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх зорилгоор Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас  Монголын Мянганы Сорилтын сангийн /ММСС / Эрүүл мэндийн төсөл,  ЭМЯ-тай хамтран  “Эмнэлгийн  яаралтай тусламжийн өөрчлөлт шинэчлэлт” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулж байна. “Бишрэлт“ зочид буудалд өчигдөр эхэлсэн чуулга уулзалтад ЭМЯ, Эрүүл мэндийн газар, хөдөө орон нутаг, нийслэлд улсын болон хувийн хэвшлийн ЭМБ-д түргэн тусламжийн чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, төсөл хөтөлбөрийн төлөөлөл болсон нийт 90 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Эрүүл мэндийн газрын Ш.Энхбат, ММСС-ийн ЭМТөслийн дэд захирал Б.Мөнхбат нар үг хэлэв. Энэхүү уулзалтын үеэр “ Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж  буй үйл ажиллагаа, Төрөлжсөн төв эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, БОЭТ, сумын эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын  эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай  танилцах, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний талаархи орчин үеийн үзэл баримтлал, гадаад орны туршлагатай танилцах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  улсын болон  хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүдийн    уялдаа холбоо, хамтын ажиллагааг  сайжруулах  зорилт дэвшүүлээд байгаа аж. Ялангуяа эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чуулга уулзалтаас гарсан зөвлөмж ихээхэн ач холбогдол өгнө гэж оролцогчид дүгнэж байна. Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж