Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын өс хонзонгийн түүх

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын өс хонзонгийн түүх

Сайн цагт нэг намын ахан дүүс болж, өөр өөрийнхөө оргил руу сэтгэл нэгтэй зүтгэж явсан хоёр эрхэм өдгөө дайснууд болон хувирав. Үүгээрээ тэд “Улс төрд найз байдаггүй” гэдгийг нотолж буй. Нэг эрх ашигт зангидагдаж байсан нөхөрлөл салаа замаар салахдаа дор бүрнээ зөвхөн ялалтыг хүссэн их тулааныг өдөөдөг бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хийгээд Ц.Нямдорж хоёрын хонзогнол үүнийг гэрчилнэ. Ц.Нямдорж өөрийгөө Н.Энх­баярын шүүхээс ял авч мэднэ гэдгээ аль эрт зарласан. Н.Энхбаярын хувьд Ардын на­мыг бүхэлд нь яллах тухайгаа мэдээлж суухдаа нэг л өдөр Ц.Нямдоржийг хамгийн түрүүнд онилж,  их улс төрийг хөдөлгөөнд оруулна хэмээн дотроо төлөвлөгөө боловсруулсан нь энэ. Тэр санасандаа хүрлээ. Монголын хамгийн нөлөө бүхий хүчтэй улстөрчийг тэрбээр нийгмийн эсрэг дайсан болгож хувиргахад ойрхон байна. Ц.Нямдоржийн хувьд ч адилхан. Өөр рүү нь өдөж довтолсон эрийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ зарлаж байна. Гэхдээ шууд “Н.Энхбаярыг шийтгэнэ” хэмээн орилоогүй нь мэдээж. Харин “Тэр хүн чинь “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалаас эх­лээд “Өргөө” зочид буудлыг хүртэл хувьдаа завшсан хэр­гээр шалгуулж байгаа” гэв.Тэгэхээр мань эрийн толгойд ямар нэгэн хариу довтолгоо хийх тактик аль хэдийнэ боловсорч эхэлсэн гэсэн үг.

Тэгвэл тэдний хонзогнол хэдийнээс эхэлсэн бэ. Энэ түүхийн эхлэлийг дор товч сийрүүлэн хүргэе. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа тухайн үеийнхээ Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг аж­лаас нь огцруулах санал гаргаж, улмаар А.Батсүхийг тавьсан. Гэвч энэ нь тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дургүйг хүргэн УИХ-ын даргын албанаасаа буухад хүргэсэн юм. Тэр бүх маргааны үндэс нь “Гандирс хороолол”-ыг барих мөнгийг олох нэрийн дор хийсэн луйвраас үүдэлтэй гэдгийг Ц.Нямдорж сайд хэвлэлд нээлттэй ярьсан нь саяхан. А.Батсүхийг Монголбанкны ерөнхийлөгч бо­лохтой зэрэгцэн Монголбанкнаас уг хороолол дээр хаяглагдсан 55 сая ам.долларын баталгааны бичиг ор тас алга болсон гэдэг. Тухайн үед эрж хайгаад ч олоогүй. Түүнийх нь балгаар өдгөө Монголбанк 30 гаруй сая ам.долларын өрөнд уначихсан байгаа. Тодруулбал, Ц.Нямдорж сайд энэ талаараа “Би 250 сая ам.долларын алдагдлаас 230 саяыг нь хаагаад “шанд” нь УИХ-ын даргын суудлаа өгсөн” хэмээсэн байдаг. Мөн тэр үед нэгэн том дарга бүхий л хар хүчээрээ Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын хууль бус үйлдлийг өмгөөлсөн тухай дурссан бөгөөд тэр хүн нь одоогийн Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр юм. Тэдний зөрчлийн түүх нь энэ.

Гол нь өдгөө өрнөл дээрээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь Ц.Нямдоржийг ялан дийлж чадах болов уу. Ямар ч л байсан тэрбээр хэвлэлийн хурал зарлан байж хийсэн мэдэгдлээрээ дамжуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын өмч хөрөнгийн бүртгэлийг дэлгэж, насаараа төрийн албан хаагч байсан хүн тэрбумын хауст амьдарч, хоёр хүүдээ тус, тусад нь тийм хэмжээний хаус бариулж чадах уу” хэмээн ард нийтээс асуусан. Үүнд захын иргэн “Чадахгүй” гэдэг хариулт өгөх нь тодорхой. Тэгэхээр Ц.Нямдоржийг зайлшгүй шалгах хэрэгтэй гэсэн үг. Гэсэн ч энэ тухай мэдэгдэл хэвлэлд гарахтай зэрэгцээд Ц.Нямдорж сайд “Би түрээсийн байранд амьдардаг. Миний хүүхдүүд зээл авч байшин бариулж байгаа” гэдэг хариу мэдээлэл цацсан. Энэ үг Н.Энхбаяр нь Ц.Нямдоржийгоо яаж ч шалгуулсан хашир хуульчийг буруутгах ямар ч “но”-г баримтаар дэлгэж чадахгүй нь гэдгийг илэрхийлж буй.Харин нийгмийн сэтгэл зүй дараах дүгнэлтэд бэлтгэгдэж байна.

Хөөрхий, Хууль зүй, дотоод хэргийн сайд маань өөрийн гэсэн байргүй юм байна. Ядаж Орон сууцны санхүүжилтийн корпорациас хэрэгжүүлсэн “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т ч шударга зангаасаа бо лоод хамрагдаж чадаагүй юм байна. Ц.Нямдоржоос өөр хүн байсан бол тэр хөнгөлөлттэй хөтөлбөрт нь хамрагдаад өөрийн гэсэн орох оронтой болж болох л байсан. Гэтэл манай шударга сайд тэгсэнгүй. Тэр ч бүү хэл амжилт гаргасан тамирчиддаа өгөөд байдаг байрнаас нь ганц өрөөг ч болов Ц.Нямдорж сайддаа өгчих юмсан…Энэ бүхэн Ц.Нямдоржийг өрөвдөх үндэслэлүүд.

Харин Н.Энхбаярын тухайд байдал эвгүйдэх мөч ойртож байж ч болох юм. Бүхэл бүтэн шүүх засаглалыг удирдаж буй Ц.Нямдоржийн бодит үнэн дээрх итгэл үнэмшилд эргэлдэж байхад Ерөнхийлөгч асан маань ямар баримт олно гэж. Өөрийнхөө цалингаар байр түрээсэлж, эхнэрийнхээ цалингаар ойр зуурын хэрэглээгээ зохицуулдаг сайд Монголд байгаа нь юу нь буруу юм бэ. Аав, ээжийн үүргээ гүйцэтгээд үр хүүхэддээ байр ч авч өгч амжаагүй л байгаа биз. Арга ядсан хүүхдүүд нь өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр хаус бариулж яагаад болохгүй гэж. Харин ч аавыгаа дуурайсан шударга хүүхдүүд юм…Энэ бол дараагийн шатны гэм цайруулах уучлалууд. Товчхондоо Н.Энхбаярын тог­тоосон Ц.Нямдоржийг баривчлах үндэслэлүүд ийн талаар болох юм.

Энд Н.Энхбаярын зүгээс бас нэг сонин үг хэлсэн нь “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлал болон “Өргөө” зочид буудлын тухай шалгуулах тухайгаа Ц.Нямдоржийг ажлаа өгсний дараа л мэдүүлэг өгнө гэж мэдэгдсэн явдал. Янз нь тэр ч бас Ц.Нямдоржоосоо айж байгаа бололтой. Зүгээр ч нэг хүнээр оролдоогүй гэдгээ ойлгож байгаа. Гагцхүү Ц.Нямдоржийг унагасан тохиолдолд Ардын намыг бүхэлд нь унагааж чадна гэдэгтээ итгэсэн ч байж болох юм. Хэрэв тэр ингэж бодсон бол бас ч гэж тэмцэл зөв өнцгөө олсон нь тодорхой. Гэхдээ л Ц.Нямдоржийг Н.Энхбаяр барах уу…гэдэг асуулт олон нийтийн сонирхлыг татаж байна.

Уншигчид ч, улстөрчид ч бүгд тэдний улс төрийн зодооныг анхааралтай ажиглаж байна. Нэгэн цагт алдсан алдаа, оносон оноо нь нэг байсан тэдний түүх ийн саллаа. Аймшигтай нь тэд зүгээр ч нэг салах бус дайснууд болчихлоо. Гэвч эндээс Монголын ард түмэн нэг том олзыг олж авахыг хүсч байгаа нь нууц биш. Учир нь, тэд өөр зуураа хэр их зөрчилдөж, зодолдоно тэр хэрээр Монголын төр цэвэрших магадлалтай юм. Тэд хэн, хэнийхээ булхайг хэр их дэлгэнэ тэр тусмаа улстөрчдийн увайгүй үйлдэл олны өмнө ил болж, хариуцлага гэгч зүйлийн эцсийн үнэн тодрох учиртай. Иймд “Тунгалаг тамир” киноны “Хоёр бурхан хоорондоо зодолдож байна. Чимээгүй” гэдэг үгийг уншигч танд сануулая. Гэхдээ Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыг бурхантай зүйрлэх нь ч хаашаа юм бэ…Зөвхөн “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэгчлэн эл сэдэв та бидний хувьд улам бүр нээлттэй үргэлжилж, гэм буруугийнхаа  баримтыг ил тодоор зарлалцахыг ерөөе. Энэ тохиолдолд “Ерөөл бат оршиг” хэмээн ерөөх хэрэггүй ч “Зодоон өрнүүн байг” гэж наргихад буруудах юун байх билээ.

Холбоотой видеог ЭНД дарж үзнэ үү.

Г.Отгонжаргал

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж