УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө талцав

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө талцав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр  2011 оны төсвийн тодотголын төслийн зарчмын зөрүүтэй зарим асуудалд санал хурааж, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Олон улсын валютын сангийнхан болон ажиглагчид “Инфляцийн дарамт их байгаа үед төсөвт тодотгол хийх шаардлагагүй” гэсэн зөвлөгөө өгөхөд  Сангийн сайд “Төсвийн орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Орлогыг хадгалахын оронд ажил нь эхэлсэн, нэмэлт санхүүжилт шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах нь зүйтэй” гэсэн хариултыг өгч байсан. Ямартай ч 2011 оны төсвийн тодотголын төсөлд 287.1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах талаар тусгасан юм. Энэ нь УИХ-ын чуулганаар хэлэлцсэн асуудлын гол сэдэв байсан гэж хэлж болно. Тодруулбал,  эрхэм гишүүд 287.1 тэрбум төгрөгийг тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүй хэрхэн хуваарилах талаар ярилцлаа. Гишүүдийн хувьд тойрогт нь хийж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгахад шаардагдах хөрөнгийг батлах, худаг, зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажилд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг онцолж байсан. Гэсэн ч дийлэнх асуудлыг олонхийн саналаар дэмжсэний дараа хотын болон хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүдийн дунд бяцхан маргаан үүссэн юм. Нийслэлийн тойргоос сонгогдсон 20 гишүүний хувьд  “Төсвийн орлого 615 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм бол 10 хувийг нь нийслэлд зарцуулж болохгүй юу. Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хөрөнгө оруулалт чухал байна” гэсэн саналыг хэлж байсан. Гишүүдийн оруулсан дээрх саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжлэг аваагүй бөгөөд өчигдөр ч гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Харин орон нутгийн тойргоос сонгогдсон гишүүдийн саналыг гишүүдийн олонхи дэмжсэн нь нийслэлийн тойргоос сонгогдсон гишүүдийн дургүйцлийг хүргэсэн нь энэ. УИХ дахь Ардчилсан намын дарга Ч.Сайханбилэг “Хөдөөгийн фракцын гишүүд бие, биедээ найр тавиад байна. Чуулганы танхимд Өмнөговь аймгийн өдөрлөг болоод байгаа юм шиг санагдлаа” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ч дуугүй суусангүй. “Энэ танхимд хөдөөний паспорттой гишүүн байхгүй байх шүү.  Та бүхний эрүүл саруул байх эрх, сайн сайхны төлөө оруулсан санал байсан шүү” гэж  эргэн тойронд сууж байгаа гишүүдэд хэлж байлаа. Мөн тэрбээр өөрсдийнх нь саналыг дэмжээгүй УИХ-ын гишүүдийн нэрсийг гаргаж өгөөрэй гэж хэлээд амжсан. Хэрвээ тэдгээр гишүүдийн нэг нь УИХ-ын сонгуульд нийслэлээс  нэр дэвшвэл хаа байгаа газар нь очиж “Энэ хүн урьд нь нийслэлд хөрөнгө оруулалт хийхийг дэмжээгүй” гэж хэлэх юм гэсэн.  Үүний дараа Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдийн саналыг олонхиороо дэмжсэн нь Ч.Сайханбилэг даргын уурыг хүргэж “Та нар төсвийн мөнгийг ингэж хуваарилахаа болиорой. Хөдөөгийн фракцынханд амжилт хүсье” гэж хашгираад чуулганы танхимыг орхиж гарсан юм.
Сангийн сайд С.Баярцогт нийслэлээс сонгогдсон УИХ-ын  гишүүдэд “Та бүхний оруулсан саналыг төсөлд тусгавал Төсвийн тухай хуулийг зөрчих болно. Ирэх оны төсвийг хэлэлцэж байсан бол дээрх саналууудыг тусгаж болох байсан. Одоо бол явж байгаа ажлыг дуусгах зорилгоор төсөвт тодотгол хийж байгаа. Гэтэл үүнээс өөр зүйл яриад байна. Ер нь бол Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж байгаа шүү дээ” гэсэн хариултыг өглөө. 

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Төс­вийн байнгын хороо хуралдаж 2011 оны төсвийн тодотголын төслийн эцсийн хэлэл­цүүлгийг хийсэн юм. Энэ үеэр зарим гишүүн “Төсөвт тодотгол хийснээр 2011 оны төсвийн алдагдал 3.7 хувиас 5.3 хувь болж дордоно. Маш их хэмжээний мөнгийг үргүй зарцуулж байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Улмаар тус байнгын хорооноос зарчмын зөрүүтэй зарим асуудлаар санал хураагаад төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлснээр 2011 оны төсвийн тодотголын төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэл­цэж, батлах ажээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж