Бүтээн байгуулалт цагаан зээрт заналхийлэл учруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалт цагаан зээрт заналхийлэл учруулж байна

Дорнод
Монголын талд бэлчих цагаан зээрийн сүрэг мөхөлд ойртжээ. Суурин
иргэншлийн төлөөх хүн төрөлхтөний бүтээн байгуулалт нэрийн дор үйлдэх
уул уурхай, дэд бүтцийн ажлууд зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлж
байна.  Газар хөдөлж байна уу гэлтэй хэдэн мянгаар сүрэглэн давхилдах эл
амьтад гаднынхны гайхшралыг төрүүлж байсан цаг саяхан. Дачин Тамсаг
газрын тосны компани, төмөр зам гэх мэт уул уурхай, барилга бүтээн
байгуулалт олны хөл хөдөлгөөн өрнөхтэй зэрэгцээд эзэнгүй тал нутагт
дураар сүрэглэн бэлчих цагаан зээрийн сүрэгт заналхийлэл авчирч байх
шиг. 2000 онд Амьтны тухай хуулиар “нэн ховор”, 2006 онд Байгаль
хамгаалах олон улсын холбооны Улаан номонд “Устах аюулд нүүрлэсэн” гэх
ангилалд тус тус хамруулж, хамгаалалтад оруулсан ч ил, далд хэлбэрээр
тоо толгой нь цөөрсөөр, өдгөө нутаглах нутаггүй болсонтой холбоотойгоор
хойд зүгт буюу хангайн бүсрүү нүүдэллэж, эсвэл өмнөд хилийн өргөст
торонд амиа золиослох аюул тулгараад буй талаар нутгийн иргэд холбогдох
газруудад мэдээлэл хүргээд байгаа гэнэ.

Онгон зэрлэгээрээ үлдсэн
дэлхийн хамгийн сүүлчийн нутгийн нэг болох Монголын тал нутагт цагаан
зээр хэдэн зуун мянгаараа багширч байсан нь хэдхэн жилийн өмнөх
асуудал.  Өнөөдөр энэ сүрэг урагшаа хил рүү дайжиж хилийн дээс
тусгаарлах төмөр торонд үй олноороо орооцолдон амиа алдаж, бүтээн
байгуулалт, уул уурхай хөгжихийн хирээр тэндээс дайжиж хүн амын суурьшил
ихтэй газар дайжиж ан агнуурт өртөх болж. Өмнө нь сүргээр нь байтугай
хэсгээр нь цөөхөн харж байсан зарим нутгийн иргэд үй олноор нь агнах нь
ихэссэн гэдгийг хүмүүс ярих болж. Бидний агнаж, дайжуулж хамгаалахгүй
байгаа цагаан зээрийг хараад АНУ-ын Массачусетс муж улсын их сургуулийн
эрдэмтэн Кирк Олсон “Сая харсан зүйлээ хараад би маш их гайхаж, юу
хийхээ мэдэхгүй болсон” хэмээн өгүүлсэн. К.Олсон болон түүний америк,
монгол хамтран зүтгэгчид цагаан зээрийн энэ том чуулганы талаарх
судалгааны материалаа Oryx сэтгүүлд хэвлүүлжээ. 2007 оны есдүгээр сарын
7-нд Олсоны багийнхан Монголын уудам тал нутагт үхэж үрэгдэлгүйгээр тэсч
үлдсэн олон зуун цагаан зээрийг судлахаар Дорнод руу ирж байж. Дорнодын
их талын зах руу ороод л тэд, нэг хоёр мянгаараа сүрэглэсэн цагаан
зээртэй таарч эхэлсэн байна. Үүнийг К.Олсон “Ийм тоо толгойтой сүргийг
харахад маш сайхан, сэтгэл хөдөлмөөр байсан” хэмээн дүрсэлсэн юм. Дараах
өдрийнхөө үд дунд тэд бяцхан толгод даваад жинхэнэ гайхамшгийг олж
харсан аж. “Тэр бол 250 мянган тоо толгойтой аварга сүргийн нэг зах нь
байсан. Ийм зүйл хараад бид зүгээр л хөшчихсөн. Цагаан зээрийн аварга
том сүргийн дүр төрх миний ой тойнд хэзээ ч арилшгүйгээр хадагдан
үлдсэн. Бид цагаан зээрийн том сүрэгтэй тааралдана гэдгээ мэдэж байсан.
Гэхдээ тэнгэрийн хаяа хярхаг хүртэл хэдэн зуун мянгаараа багширсан
сүрэгтэй таарна гэж төсөөлөөгүй. Урьд өмнө ийм том сүрэгтэй би таарч
байгаагүй, ингэж олноор сүрэглэсэн тухай мэдээ баримт ч олж хараагүй”
гэж дуу алдаж байсан гэнэ лээ. Монголын цагаан зээр олон мянгаараа
сүрэглэдгээрээ алдартай. 10 мянга юм уу түүнээс дээш тоо толгойтой
сүргийн тухай мэдээлэл байнга шахуу сонсогдож байдаг аж. Хамгийн сүүлийн
үеийн мэдээгээр 80 мянган толгойтой сүргийн тухай мэдээ бүртгэгджээ.
Хээр талыг хамарсан их түймэр, байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн
улмаас ингэж олноороо цуглардаг нь жам ёсны үзэгдэл аж.

Нутгийн
малчид “Хээрийн амьтад дайжих, дүрвэх болохоороо ингэж олноороо
цуглардаг, өмнө ямар олноороо цуглардаг байсан гээч гэж шүүрс алдан
хэлнэ. Өмнө нь сүрэглэж явсныг хараад сэтгэл багатам байсан. Харин одоо
бүр харагдахаа ч байж. Энэ нь тоо толгой багасч, хүмүүс агнаж байгаа
гэсэн үг” гэж хэлж байсан.  Тал нутгийг зорин хөгжил дэвшил айсуй. Бүс
нутагт газрын тосны хайгуулын ажил өрнөж, тэр хэрээр хүн ам олшрон зам
тавигдаж, газар хагалж, хашаа хатгах нь улам бүр ихэсч байна. Дорнод
Монголын 250 мянган ам.км тал нутаг бол Өвөрмонгол, Манжуурыг бүхэлд нь
хамарсан 1.5 сая ам.км экосистемээс онгон зэрлэгээрээ үлдсэн сүүлчийн
хэсэг нь юм.

  • Нэршил:

Монгол цагаан зээр

  • Шинжлэх ухааны нэршил:

Procapra gutturosa

  • Тархац нутаг:

Монгол орны тал хээр, цөлөрхөг хээр нутгаар голлон тархаж оршдог.

  • Хамгаалагдсан байдал:

2000 онд Амьтны тухай хуулиар “нэн ховор” гэсэн ангилалд оруулсан, 2006
онд Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны Улаан номын “устах
аюул нүүрлэсэн” гэсэн ангилалд оруулсан. Мөн Нүүдэллэдэг зүйлийг
хамгаалах тухай конвенцийн Хавсралт I-д багтсан.

  • Тоо толгой:

Монгол орны зүүн бүсийн тал хээрд 2 сая гаруй толгой цагаан зээр
нутагладаг. Энэхүү тооллогыг 1998 онд Милнер-Гулланд, Лхагвасүрэн нарын
хийсэн бөгөөд 1940-1950-аад оны үед 4-5 сая орчим цагаан зээр байсан гэж
үздэг.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж