26 тойргийг жижиглэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

26 тойргийг жижиглэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийнхний хувьд нөгөө намын бүлэгт одоогийн 26 тойргоо жижиглэхгүй, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч мандат хуваарилна гэсэн саналаа хүргүүлсэн ч, тус бүлгийн хувьд “26 тойргоо жижиглэнэ” гэсэн эсрэг санал илэрхийлсэн байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг 26 тойргийг жижиглэхгүй гэдэг зарчмын байр суурин дээрээ хатуу зогсохоор болжээ. Бүлгийн гишүүдийн хувьд “МАН-ын бүлгээс тавьсан саналыг хүлээж авах нь тойргуудыг хэт жижигсгэж, хуучин можаритор давамгайлсан тогтолцоогоор сонгууль явуулах зарчим руу орж буй учраас шинэ УИХ-ын Сонгуулийн хуулийг батлан гаргах  ёстой. Энэ чиглэлээр бүлэг хатуу байр сууринаас хандаж ажиллах ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэн юм байна.

Хоёрдугаар хэлэлцсэн асуудал нь Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах бодлого аж. Эл асуудлыг судалж бүлгийн санал дүгнэлтийг төсөлд тусгах зорилгоор УИХ-ын гишүүн Я.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.  Гурав дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүд. Эдгээр төслүүдтэй холбоотойгоор мөн бүлгийн санал боловсруулах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм байна.

Дөрөв дэх асуудал нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн төсөл юм. Агуулгын хувьд Засгийн газраас өргөн мэдүүлэгдээд байгаа төсөлтэй нэг тул хамтатган хэлэлцэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Үзэл баримтлалыг нь товч дурдвал төрөөс нэг иргэнд эмнэлгийн үйлчилгээ авахад зориулж нэг сая 12 мянган төгрөг төсөвт суулгадаг байна. Иргэн эмнэлгийн үйлчилгээ авахдаа сонголт байдаггүй. Тэгвэл дээрх хуулийн хүрээнд цахим карттай болж, эмчлүүлэх эмнэлгээ иргэн хүн сонгох бололцоог олгох аж.

Тав дахь асуудал нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байжээ. Одоогоор 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 95 мянган ахмад аж төрдөг гэнэ. Тэдний хувьд 1995 оноос хойш тэтгэвэртээ гарсан хүмүүсийнхээс бага тэтгэвэр авч буй нь дээрх төслийг боловсруулах үндсэн шалтгаан болжээ. Хамгийн гол нь 1995 оноос өмнө болон хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн хувьд ижил мэргэжлээр ажиллаж байсан атлаа авч буй тэтгэвэр нь зөрүүтэй байгаа юм. Харин дээрх 95 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгахад 2012 оны төсөвт 23 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг төсөвт суулгаж өгөх нь зөв гэсэн шийдэлд бүлгийн гишүүд хүрсэн юм байна. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж