Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Амралтын өдрийн кайф

Амралтын өдрөөр очих дуртай газар минь УДБЭТ-ын ягаахан байшин. Яагаад ч юм дуурийн театрт ирэхээр нэг л өөр энерги, өөр мэдрэмж төрдөг юм. Симфони найрал хөгжимчид, тайзнаа дуулах дуучид, бүжигчид бүгд үзэгчдэд баяр хөөр, эрч хүч, гоё энерги бэлэглэдэг. Долоо хоног бүрийн амралтын өдөр дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балетаар үзэгчдэд бэлэг барьдаг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан өнгөрсөн амралтын өдөр “Ламбугайн нулимс” дуурь, “Жизель” балетыг тайзнаа тоглолоо.
Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурь үзэгчдийг бүрэн эзэмдэх шиг болсон. Симфони найрал хөгжимчид хүчирхэг байж, А.Сайнбаяр, Ө.Уянга, Р.Доржхорол, Г.Шижирболд, Э.Бумхүү, Ч.Түмэндэмбэрэл, Б.Алтанхуяг нар дүрээ зуун хувьд гаргаж, тайзныхан мэдрэмжтэй байсан гээд л магтаад байвал цаас хүрэлцэхгүй биз. Энэ цаг үеийн хамгийн шилдэг сопрануудын нэг Ө.Уянга тайзыг эзэгнэж, Цэрэнлхам бүсгүйн дүрд чадварлаг тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол Дондогийн дүрд дуулсан А.Сайнбаяр хоолойн цар хүрээгээ гайхуулах шиг. Дуурийн дуучид мундаг байна аа гэсээр үзэгчид театраас гарсан. Театрын үзэгчид жил ирэх тусам улам л залуужиж, соёлжиж байгааг харах таатай.

Харин өчигдөр А.Аданы “Жизель” балет үзэгчдийг уйлуулсан, уяраасан. 17-хон настай тариачин охины үнэн хайрын сэтгэл үзэгчдийг уйлуулав. Жизельд Г.Цолмон гоцолж, Альбертад О.Ганцоож бүжив. О.Ганцоож өнгөрсөн долоо хоногт үзэгчдийг эзэмдэж байсан. Харин өчигдөр тайзыг Г.Цолмон эзэгнэсэн. Баяр хөөрөөр дүүрэн Жизелийн ухаан санаагаа алдаж, солиорох тэр хэсэг. Хайртай залуу нь өөрийг нь хуурсныг мэдсэн хөөрхий тариачин охин, хорвоогийн үнэнийг даанч тэсэлгүй хорвоогийн мөнх бусыг үзнэ. Гэсэн ч түүний сүнс хайртай Альбертаа хамгаалж, үүр цайтал түүнийгээ хамгаалан бүжих нь дэндүү өрөвдмөөр…

А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг балетын урлагийг төгс хэлбэрт хүргэсэн ноён оргил хэмээн нэрлэдэг. Анх “Жизель” балетаар л өлмий дээрээ бүжиглэж эхэлсэн гэдэг.


М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж