Аврагчид гамшгийн голомтоос 829 хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Аврагчид гамшгийн голомтоос 829 хүний амь аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт  оны эхний 10 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой  ослын нийт 1962 удаагийн дуудлага ирж, онцгой байдлын аврагчид гамшгийн голомтоос 829 хүний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 1702 нь гал түймрийн ослын дуудлага байсан бөгөөд аврагчид гал түймрийн аюулаас иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагын нийт 12,2  сая төгрөгийн өмч хөрөнгө, 231 барилга байгууламжийг аварсан бол галын аюулд 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө өртжээ. Он гарснаас хойш НОБГ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу Багахангай, Багануур, Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж, мэргэжлийн албад, анги, байгууллага,  аж ахуйн нэгжийн нийт 1492 хүнийг сургалтанд хамруулан, 119 автомашин, техник хэрэгслийг дайчилж, астрономийн 132 цагийн багтаамжтай сургалтыг амжилттай зохион явуулсан байна. Харин гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар өнгөрсөн хугацаанд 10836 обьект, 41000 айл өрхөд галын аюулгүй байдлын шалгалт хийж, 70647 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт илэрсэн зөрчлийн 14921-ийг арилгуулж, 1459 мэдэгдэл, 1859 албан шаардлага, 133 танилцуулга, 161 үйл ажиллагааг зогсоох тогтоол үйлдсэн байна.  Галын аюулгүй байдлын шалгалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 428 обьектод нийт 32,2 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 178 аж ахуйн нэгж байгууллагад 27,3 сая, 69 албан тушаалтанд 2,9 сая, 183 иргэнд 2,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг тус тус ногдуулжээ.

Х.Нарангэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж