О.Магнай: Ардчилсан нам нэгдмэл бодлоготой нам биш

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

О.Магнай: Ардчилсан нам нэгдмэл бодлоготой нам биш

Ардчилсан намын гишүүн, иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

Өмнө нь иргэний хөдөлгөөн гээд олны өмнө ил байсан сүүлийн үед нуугдмал болчихлоо. Та яг одоо юу хийж байгаа вэ?

-Би Монголд хамгийн анхны Hedge fund байгуулсан. Ерөнхийдөө бирж дээр арилжаа хийж байна. Үндсэн мэргэжил гэх үү дээ.

-Улс төртэй хэр зэрэг ойрхон байна. Зөвхөн биржийн арилжаа хийж байгаа юу?

-Би улстөрч гэхээсээ илүүтэй хувьсгалч хүн гэж өөрийгөө боддог. Миний хийж байгаа биржийн арилжаа улс төрийн ажилтай холбоотой. Ер нь улс төр хийхийн тулд мөнгө олох, мөнгө олохын тулд улс төр хийх гэдэг хоёр том зарчмын ялгааг харуулахыг зорьж байгаа.

-Хувьсгалч гэхээр их том том хүмүүс санаанд ороод байна л даа. Че Гевара ч юм уу эсвэл С.Зориг, бас Ленин гээд л… Та эд нарын энд хүрэх үү?

-Че бол миний хүндэлж явдаг хүн. Хувьсгалт тэмцэл 2005 оноос эхэлсэн, ялсных нь дараа гарах дүгнэлтээр харьцуулж болох байлгүй дээ.

-Сонгуулийн тухай хуульд таны байр суурь ямар байгаа вэ. МАН-аас 48:28 гэсэн тооны харьцааг гаргаад байгаа?

-Хэрвээ 48:28 гэсэн хувилбараар хууль батлагдах юм бол энэ нийгэмд сонгуулиар ямар нэгэн шинэчлэлийг хийх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, хувьсгал хийхээс өөр гарц үлдэхгүй гэсэн үг. Гэхдээ харъя. Хугацаа хангалттай байгаа. Сонгуулийн хуулийг их хурлын хэдэн гишүүд өөрсдөө дахин яаж сонгогдох вэ гэдгийг бодохоос илүүтэй энэ нийгэмд байгаа дуу хоолой бодитойгоор УИХ-д орж ирэх тэр боломж бололцоог л нээж өгөх ёстой. Энэ бол зарчмын л асуудал. Гэхдээ манай төр, УИХ-д зарчим, үзэл санаа гээч юм алга болоод их удаж байна.

-Ирэх сонгуульд та өрсөлдөх үү?

-Харъя.

-Юуг харъя гэж?

-Сонгуулийн хууль хэрхэн батлагдах вэ гэдгийг харъя. Хэрвээ 48:28 гэдгээр хууль батлагдах юм бол сонгууль гэдгийг яриад ч хэрэггүй. Мажоритараар нэр дэвшээд ялагдсан нь лист рүүгээ гулсч ороод их хурлын гишүүн болдог дэлхийд байхгүй ийм хууль хэрвээ батлагдах юм бол үүний үр дүнд долдугаар сарын 1 байтугай л юм болно шүү дээ. Би итгэлтэй байна.

-Ардчилсан намд орох сонголтыг та хэзээ хийсэн бэ? Иргэний хөдөлгөөний намыг байгуулж байхдаа юу, эсвэл Ганц худагт хоригдож байхдаа юу?

-“Ганцхудаг”-аас гараад орой бүхэн миний утас руу хүүхэд нь, нөхөр нь шоронд хоригдсон ээжүүд, эхнэрүүд мянга мянгаараа ярьж байхад л хийсэн. Тэдний элгийг дэвтээх тэр цаг үедээ хамгийн чухал асуудал байсан даа. 

-Таны Ардчилсан намд эзлэх байр суурь ямар байгаа вэ. Хэлж байгаа үгийг чинь хүлээж авахгүй байна уу, эсвэл хүлээж аваад нэг баг болоод ажиллаж чадаж байна уу?

-Миний харж байгаагаар Ардчилсан нам бол нэгдмэл бодлоготой нам биш. Олон ч гишүүнтэй, олон ч нүүр царайтай нам. Би өөрийгөө энэ намд байгаа хувьсгалт үзэл санааг төлөөлдөг гэж л боддог.

-Ардчилсан нам шинэ залуусыг сонсдоггүй гэж ойлгож болох уу?

-Би улс төрд хөгшин, залуу, эмэгтэй гэж хуваахыг нэг их дэмждэггүй. Өрсөлдөөд л гараад ирдэг байх ёстой. Харин өрсөлдөх орон зайн хувьд эрүүл байх гэдэг тусдаа асуудал байх.

-Жил бүрийн долдугаар сарын 1-ний өдөр таны толгойд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Сонгууль булхайтай болсон, иргэд эсэргүүцэж жагссан. Харин төр нь галт зэвсгээр хүний амь хохироосон. Дараа нь зөндөө сайхан юм ярьж хамтарсан засаг байгуулсан. Таван залууг буудаж алсныхаа төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй товчхондоо энэ шүү дээ.

-Харин та бүхнийг дуугүй байлгахын тулд намдаа оруулсан юм биш үү?

-Нийгэм асуудлыг ямар ч байр сууринаас харж болно. Хүн болгон өөр өөрийн үзэл бодолтой. Гэхдээ эцсийн эцэст хамгийн чухал нь тэр үед шоронд хоригдож байсан залуусыг гаргах хэрэгтэй байсан юм.

-Яг энэ үйл явдлаас хойш иргэний нийгэм хүчтэй дуугарч чадахаа больчихлоо. Та бүхнийг хараад тэдэнд зориг дутах болсон юм болов уу?

-Би ч гэсэн гайхаад л байна. 2011 он бол дэлхий даяар хувьсгалын жил байлаа шүү дээ. Европт ч тэр, Арабад ч тэр, бүр цаашлаад Америкад ч тэр жагсаал цуглаан, хувьсгалаар баян жил байлаа. Гэтэл яагаад Монголд ийм нам тайван байна. Бүх зүйл болж бүтээд байна уу гэвэл үгүй. Энэ байдлаас харвал жагсдаг, тэмцдэг хүмүүст амжилтад хүрсэн түүх хэрэгтэй юм байна. Тэгэхээр миний энэ нийгмийн өмнө хүлээж байгаа үүрэг бол жагсч тэмцээд шударгаар амжилтад хүрч болдгийг харуулах ёстой. Тэгвэл олон залуус миний замнасан замаар явна гэдэгт итгэлтэй байна. Ингэхгүй бол нэг ахын карманд ордог, нэг ахын дүү болж явдаг хүмүүс л амжилтад хүрээд байгаа биз. Олон залуучууд энэ замыг сонгоод байгаа нь харамсалтай.

-Таныг хэн нэгэн ахын кар­манд ороогүй, хэн нэгэн ахыг дагаагүй юм байна гэж ойлгож болох уу?

-Намайг хар л даа. Би Монголын Засгийн газраас хамааралгүй ажил хийгээд, хамааралгүй мөнгө олдог. Дээрээс нь  би  хувьсгалч хүн. Тиймээс хэн нэгэн ахын карманд орох ямар ч шаардлага байхгүй. Санхүүгийн талаасаа ч, үзэл санааны талаасаа ч тэр. Би өөрөө өөрийгөө бүтээж л байгаа хүн.

-Тэгвэл яагаад энэ бүх хуга­цаан­ы турш чимээгүй байсан юм бэ?

-Яахав дээ. Би С.Жавхлан биш шүү дээ. Өдөр болгон телевизээр дуу дуулна гэж байхгүй. Дуулдаг нь л өдөр болгон телевизээр гарна биз. Ямарваа нэгэн ажил цаг нь болохоор л явна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд би зүгээр суугаагүй. Өнгөрсөн зуныг хувьсгал ялсан олон газар орнуудаар явж хувьсгал хэрхэн явагдаж байгааг өөрийн нүдээр очиж үзлээ. Европын холбооны улсуудад болсон олон жагсаалыг очиж харлаа.

-Яг хэзээ яриад буй хувьсгалаа хийх вэ?

-Би сүүлийн үед Ленинг л уншдаг болсон. /инээв/ Нийгэмд 30 хувийн дэмжлэг бий болсон үед хөдлөх цаг нь болдог гэдэг онол бий. Яг одоо бол 30 хувийн дэмжлэг бий болчихлоо. Түүхэнд заримдаа огцом үйлдэл хэрэгтэй байдаг гэж үг бий. Энэ үйлдлийг л хүлээж байна.

-Танай хамтран зүтгэгч Ж.Батзандан “Миний Улаан­баатар” гээд хөдөлгөөн өрнүүллээ. Улаанбаатарын төлөөллийг пар­ла­­ментад нэмэх тухай ярилаа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэгэлгүй яах вэ. Батзандан бол миний найз. Бид хоёр өдөр болгон уулзаж санал солилцдог. Энэ асуудлыг би дэмжиж байгаа.

-Саяхан жагсаал цуглаан зохион байгуулна гэж байсан. Тодорхой бус шалтгаанаар хой­шил­лоо. Цагдаагийн байгуул­лагаас нь ч тэр зөвшөөрөл өгөх­гүй байгаа гэсэн. Үүнийг та хэр­хэн дүгнэх вэ?

-Би бол нэг л зүйлийг агуулгаар нь харж байгаа. Одоо ийм жижиг, сажиг юм ярьж байхаар хувьсгалдаа нэгдэх ёстой болов уу. Хувьсгалт үзэл санаа улам бэхжиж байна. Дээр бүрэлдэн тогтсон “Манан” бүлэглэлийг Монголын төрөөс явуулахгүйгээр энэ нийгэмд сайн сайхан юм ирэхгүй гэдэг нь тодорхой боллоо. Ардчилсан нам нь байна уу, Ардын нам нь байна уу таны хүсч байгаа, миний хүсч байгаа өөрчлөлтийг гаргахгүй. Энэ үед яах вэ гэвэл эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэвэл гудамжнаас хувьсгалын шинжтэй өөрчлөлтөөр л хийнэ. Хувьсгалын эцсийн үр дүн нь юу байх вэ гэвэл нэр бүхий этгээдүүдэд хариуцлага тооцох, улс төрийн намуудыг бүгдийг нь татан буулгаад шинээр бүгдийг нь бүртгэж ижил гарааны нөхцөл бий болговол Монголд эрүүл, шударга нийгэм бий болно. Зарим нэг согтуу дарга нар нь сонгуулиас нэг жилийн өмнө хамтарсан засгаа байгуулна гээд хэлж байна шүү дээ. Энэ бол ард түмнийг доромжилж байгаа явдал. Би одоо бол нэг л юманд гайхаж байгаа. Яагаад ард түмэн ийм тайван, гөлийгөөд байгаа юм бэ гэж. 21 мянган төгрөг гэдсийг нь цатгаад байгаа юм уу, бүү мэд.

-Цагдаагийн ерөнхий газраас жагсаал цуглаан зохиох эрхийг бие даан гаргадаг болгох гэж байх шиг байна. Хэрвээ ийм болговол та бүхний хувьсгал худлаа болох юм биш үү?

-Ер нь цагдаа гэдэг чинь аль ялсных нь л талд ордог нөхдүүд байдаг шүү дээ. Харж л бай. Нэг цагдаагаас болж хувьсгал хийхгүй гэсэн юм байхгүй.

-Одоо бол залуус тань дээр ирвэл хаалга онгорхой юм байна, тээ?

-Надтай олон залуус facebook-ээр байнга холбогддог. Twitter-ээр байнга надтай ярьдаг. Бүгдэд нь би нээлттэй ханддаг. Олон залуус ч над дээр хүрч ирдэг. Би ер нь их ачаалалтай ажилладаг. Ажлын таван өдөрт ер нь бол 35 цаг л унтдаг даа. Ер нь ямар ч  хүн миний facebook, twitter хаягаар хандаад, утсаар яриад хүрч ирээд уулзаж болно.

-Оюутолгойн гэрээн дээр таны байр суурь ямар байдаг вэ? С.Баярцогт бол Оюутолгойг гайхалтай сайхан гэрээ болсон гээд байгаа?

-Энэ бол С.Баярцогтын бодол. Төр засаг нь өөрөө ийм байхад мэдээж тэднээс шударга юм хүлээгээд дэмий. Оюутолгойн гэрээ бол өнөөдрийн төр засгийн байж байгаа царай нь. Ийм хүмүүсийг дээрээ гаргачихаад эднээс өөр зүйл хүлээдэг ч буруу. Баахан хулгайч нарыг дарга болгочихоод шударга сайхан гэрээ хүлээсэн юм уу. Тэгэхээр бид одоо бол тэмцэх хэрэгтэй. Тэр олон ард түмнийг хар, яаж  тэмцэж байна. Тэмцээд яаж эрх чөлөөгөө олж авч байна. Сайн сайхан ирээдүйг бид хүлээгээд ирэхгүй. Харин үүнийг бид тэмцэж байж олж авдаг.

-Тэмцлийг яаж хийх юм бэ? Та бүхнийг хараад тэмцэнэ гэж байхгүй байх аа. Тэмцэж байгаад дуугүй болдог гэсэн бодол ард түмний тархинд суучихсан байх гэж та бодож үзсэн үү?

-Бидний хийсэн бодитой судал­гаагаар бол ард түмний 30 хувь нь хувьсгалыг хүсч байгаа гэж гарсан. Ард түмний олонх нь нийгэм тэр чигтээ буруу  замаар явж байна гэдгийг мэдэж байна. Магадгүй зарим нэг хүнд ямар ч гарц харагдахгүй байж болно. Энэ гарц бол хувьсгалын л зам. Гэхдээ хувьсгал гэдэг бол хүчирхийлэл биш. Хүчирхийллийн бус замаар, магадгүй нэг хэсэг нь буулт хийвэл илүү зөөлхөн байдлаар энэ хувьсгалыг хийж болно.

-Хувьсгалыг та Ардчилсан намдаа хийх юм уу, эсвэл гараад өөр ямар нэгэн хөдөлгөөн байгуу­лаад хийх юм уу?

-Ардчилсан намын гишүүний үнэмлэх нь л надад байдаг. Түүнээс биш Ардчилсан намын гишүүн боллоо гээд энэ намын даргын өмнө хүлээдэг үүрэг гэж байхгүй. Тэр тусмаа Ардчилсан намд ийм увайгүй нөхдүүд тархи, толгойд нь суучихсан үед тэдний өмнө хүлээх үүрэг гэж надад байхгүй. Өнөөдрийг хүртэл би зарчим үзэл санаагаар л туг хийж явсан, цаашид ч тэгж л явна.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж