Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр”

Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” буюу “National day of Giving”-ийг монголд хоёр дахь  удаагаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой. Эхний жил хүндээр өвдсөн бяцхан охин Э.Удвалд зориулан “Том болоорой Удвалаа” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн.
Хүмүүсийн бие биенээ гэсэн сайхан сэтгэлийн нэгдлийг удирдан, зохион байгуулж чадвал хэн ч сайн үйлсэд хувь нэмэр оруулах боломжтойг “Өгөх өдөр” ТББ-ынхан үлгэрлэсэн юм. “Өгөх өдөр”-өөс өнгөрсөн жил  ой есөн сартай бяцхан охин, есөн сартай ихэр дүү нараасаа дутуу өсөлттэй, булчингийн хатангаршил өвчтэй учраас хором тутам өвдөлтийг мэдрэн 30 гаруйхан настай эцэг эх нь шаналан эдгээр хүмүүст хандсанаас эл өдрийг үндэсний хэмжээнд зохион байгуулан “Өгөх өдөр” ТББ-ыг анх байгуулж байсан. “Өгөх өдөр” ТББ-ын тэргүүн А.Уянга “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” гэдэг үзэл бодолтой бүсгүй. Олны юм оломгүй далай гэгчээр Э.Удвал охины эмчилгээний зардлыг цуглуулах ажил “Өгөх өдөр” ТББ-ын залуучуудын санаачлагаар орон даяар компанит ажил болж өрнөсөн билээ. UB паласт бүх оддын шоу тоглолт зохион байгуулж, 60  оюутан сурагч “Хүн  бүр Удвал охинд амьдрал бэлэглэж  500 төгрөг хандивлана уу” гэсэн бичигтэй хайрцгийг барьж, хотын гудмаар алхаснаар 25 сая гаруй төгрөг цуглуулж чадсан юм. Монгол улсад суугаа Солонгос улсын ЭСЯ, “Up music production”-ны захирал “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат, хөгжмийн найруулагч Халиун, рок попын уран бүтээлчид болон олон байгууллага хувь хүмүүс өвчтэй охинд тусалж Э.Удвал охин бүр мөсөн эдгэрч эх орондоо ирсэн юм.

А.Уянга “Өгөх өдөр” ТББ-аас гадна “Wisdom” кино продакшныг үүсгэн байгуулагч. Тэрбээр саяхан Монголын кино урлагийн ертөнцөд тэсрэлт болсон “Бодлын хулгайч” киног продюссерлосон. “Үндэсний өгөх өдөр”-тэй болсны нэг жилийн ой “Бодлын хулгайч” кино дэлгэцэнд гараад удаагүй үетэй давхацлаа. Тус уран бүтээлийн эхний долоо хоногийн орлого буюу 20 сая төгрөгийг киног бүтээгчид “Өгөх өдөр”-т зориулахаар болжээ. Тэд нийслэлийн 25 дугаар дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад ирэх сарын 1-нд буюу өнөөдөр автобус бэлэглэнэ. 25 дугаар  сургуулийн хүүхдүүдийг хичээлд нь хүргэх зориулалттай микро автобусыг долоон жилийн өмнө Герман улсын ЭСЯ-ныхан хандивлажээ. Ихэвчлэн гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн баяр баясгалангийн салшгүй нэг хэсэг болсон энэхүү унаа хуучирч муудса тул “өгөх өдөр” ТББ-ынхан ийнхүү шинэ автобусаар бэлэг барих гэнэ. Мөн бөөрний дутагдал хэмээх өвчнөөр олон жил шаналж буй Г.Баттөрд тусламжийн гараа сунгахаар шийджээ. Энэхүү сайн үйлсийг “Мэргэн” бизнес группийнхэн дэмжиж 10 сая төгрөг хандивлажээ. Түүнчлэн өнөөдөр “өгөх өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын эхний цагийн хичээлийг бусдад сайхан сэтгэлийн дэм үзүүлэх, хэн нэгэнд урмын сайхан үг хэлэх, инээмсэглэл бэлэглэх, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах, ер нь бусдад өгөх, өглөг хайрлах тухай сэдэвтэйгээр явуулах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар болжээ. Үүнээс гадна дуучин Сэрчмаа, Номин-Эрдэнэ нар үндэсний “Өгөх өдөр”-ийн сүлд дууг дуулах юм. Тэд монголчуудын маань сайн мэдэх “Хүмүүс ээ, надад урам хайрла” хэмээх шүлгээр бүтсэн дууг тун удахгүй олны хүртээл болгоно. Үндэсний “Өгөх өдөр”-т нэгдэж сайн үйлс бүтээх хүсэлтэй хүмүүст дуулгахад Голомт банкны 1605010007, ХААН банкны 5003604174, Худалдаа хөгжлийн банкны 499180209 төгрөгийн дансаар хандив өргөх боломжтой аж.

 “Үндэсний өгөх өдөр”-ийг  нэг жилийн ойн баярын мэнд хүргэе. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж