Хадгаламжийн хүүг бууруулах боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хүүг бууруулах боломжгүй гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

Мөнгөний бодлогод  ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд барихаар төлөвлөжээ. Гэхдээ ирэх онд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгийг ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгохоор Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт суулгаад буй. Хэдийгээр ирэх оны төсвийг УИХ-аар батлаагүй байгаа боловч намууд улстөрийн сонгуулийн амлалтаа биелүүлэх хүрээнд энэхүү төсвийг баталж таарна. Нөгөө талаас ирэх онд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ төсвийн урсгал зардал урьд жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлттэйгээр өсөн нэмэгдэх төлөв гарч буй. Энэ бүхэн нь Монголбанкны хамгийн том дайсан болсон инфляцийг хөөрөгдөх шалтгааны суурь болж явах юм. Тиймээс Монголбанкны хувьд ирэх жилд ч бодлогын хүүгээ өсгөх бодлогоо үргэлжлүүлэхээс аргагүй аж. Гэхдээ ийм хатуу арга хэмжээ үргэлжлэх авч зээл 30-45 хувьд хүрч өсөн, тэр хэрээр эдийн засгийн өсөлтийг хангана гэж төв банкны ерөнхийлөгч мэдэгдлээ. Харин үүнтэй зарим гишүүн санал нийлэхгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Раш “Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёр сүүлийн үед хүзүү сээрээрээ сүрхий холбогддог болов. Тэглээ гээд энэ төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаж ард түмний амь амжиргааг сайжруулах чиглэлээр орж ирж буй юм алга” хэмээн шүүмжлээд авлаа. Төв банкны ерөнхийлөгчийн хувьд “Үнэхээр болж буй үйл явдлын хүрээнд Сангийн сайд Монголбанкны ерөнхийлөгч хоёр зовлон жаргалаа хуваалцаж байна. Хүзүү сээрээрээ холбогдохоос аргагүй байгаа. Гол проблем бол намуудын амлалт болж хувираад байна” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Тлейхан хадгаламжийн хүүг бууруулж улмаар зээлийн хүүг бууруулах арга байдаггүй юм уу гэдгийг тодруулж байлаа. Монголбанкны ерөнхийлөгчийн тайлбараар бол инфляци өнөөдөр 10.5 хувьтай байгаа нөхцөлд хадгаламжийн хүүг бууруулах боломжгүй. Эцсийн дүндээ хадгаламж эзэмшигч хохирно. Одоогийн байдлаар хадгаламж эзэмшигч нар 0.5 хувийн алдагдал хүлээж буй. Ийм нөхцөлд төв банкны хувьд хадгаламж эзэмшигчдээ аль болох хамгаалах талд ажиллахаас аргагүй гэдэг тайлбар хийлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж