Залуучууд цуглуулсан хандиваа Хотын даргад өгөв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Залуучууд цуглуулсан хандиваа Хотын даргад өгөв

Өнөөдөр үндэсний өгөх өдөр юм байна. Энэ өдөрт зориулж,  цуглуулсан хандиваа  Хотын дарга Г. Мөнхбаярт  өгсөн хүмүүс бол Улс төрийн менежментийн академийнхан байлаа. Тэд “Нэг сая доллартай монгол залуу” лекцийг хэдхэн хоногийн өмнө тохиосон нийслэлийн өдрөөр  залуучуудад уншжээ. Энэ үеэрээ үндэсний өгөх өдөрт зориулж  мөнгөн хандив цуглуулсан юм байна.  Мөнгөн дүн нь 100 мянга гаруй төгрөгөөр хэмжигдэх ч чин сэтгэл шингэсэн энэхүү хандиваа Улс төрийн менежментийн академийн багш нар хотын даргад өгөхөөр шийджээ.

Энэ шийдвэрээ тайлбарлахдаа хотын даргаас өдөр бүр тусламж дэмжлэг хүссэн хүсэлт тасардаггүй байх.  Тийм учраас тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй хүнд  залуучуудын хандивыг өгч чадах хүн Улаанбаатар хотын Захирагч  Г. Мөнхбаяр та юм гэж хэлэв. Нийгэм,  иргэд рүү асуудлыг зөв өнцгөөс харж буйд нь дээрхи төрийн бус байгууллагын залууст  хотын дарга  талархав. Өнгөрсөн жил яг өдийд МАСЗХ-ны залуучууд “Сэлбэ гол”  төслийг гардан хариуцаж ажиллах итгэлийг,  зураг төсөлтэйгээ надад гардуулж байсан юм. Одоо энэ ажил хэрэгжиж эхлээд явж байна. Та бүхний цуглуулсан мөнгөн хандивыг энэ уулзалтанд оролцож буй Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М. Отгонбаярт шилжүүлье. Эдний хэлтсийнхэн нийгмийн дэмжлэг хүсч ирсэн хүмүүсээс сонгоод тусламж хэрэгтэй нэгэнд энэ хандивыг өгөх болно гэж Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаяр хэллээ.

Мөн энэ үеэр Улс төрийн менежментийн академийнхан тус академиас олгодог “Шилдэг менежер”  цол тэмдгийг хотын даргад зүүж өгөв. Гэрээ засагчид улсаа захирч чадна гэсэн Чингис хааны хэлсэн үгнээс иш татсан энэ цол тэмдгийн 48 дахь эзэн нь Хотын дарга болж буйг тэд онцлов. Түүнчлэн та бол Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, баг хамт олноо чадварлаг удирдахын зэрэгцээ нийслэлийн хөгжлийг шинэ түвшинд авч яваа удирдагч гэж Улс төрийн менежментийн академийнхан тодорхойллоо.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж