“Фортуна”-гийн гэрт эмэгтэй хүн орж болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

“Фортуна”-гийн гэрт эмэгтэй хүн орж болохгүй

Төрийн ордны корпусуудын дундах чөлөөнд Төрийн ёслол хүндэтгэлийн гэр байрлаж байсан. Харин ордныг өргөтгөж Чингисийн ёслол, хүндэтгэлийн цогцолборыг барьснаар түүний тавдугаар давхарт уг гэрийг шилжүүлж, илүү гоёмсог болгосон юм. Хуучин Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний буурин дээр УИХ-ын гишүүн Фортуна хэмээх Н.Батбаяр нарын санаачлагаар төрийн гал голомттой орд өргөө барьж байгаа юм. Өргөө гүйцэд ашиглалтад орсноор тэнд төрийн тулганд байнга гал түлж байх юм гэсэн.

Саяхан эрхэм гишүүн Н.Батбаярын урилгаар түүний сонгогдсон тойрог Архангай аймгаас хэсэг сонгогч ирж, Төрийн ордонтой танилцжээ. Ордонтой танилцдаг маршрутаар зочид явж бүх зүйлийг үзсэний дараа гишүүн өөрийн санаачлагаар босгож буй гэртээ сонгогчдоо урсан байна. Хачирхалтай нь, гэрийн үүдэнд очмогц гишүүн “Энэ гэрт эмэгтэйчүүд орж болохгүй” хэмээн лүндэгнэсэн гэнэ. “Тоглож байна” гэж бодсон сонгогчид ажиг сэжиггүй орох гэтэл арав орчим эмэгтэйг ялган гадаа үлдээж, төрийн гал голомтод бүсгүй хүн оруулахгүй хэмээн айлджээ.

Ингээд хол газраас гишүүнийхээ урилгаар ирсэн сонгогчдоос бүсгүйчүүд нь шоовдорлуулан босгоны гадна үлдсэн байна. Хуучин цагт тулганаас дээш өгсч болдоггүй байсан бүсгүйчүүд ХХI зуунд босгоны гадна үлджээ. “Хэзээ монголчууд эхчүүдээ гадаа зогсоож шийтгэж байсан юм бэ. Шинэ цагийн УИХ-ын гишүүд эмэгтэй сонгогчдоос санал авч төр түшээгүй хэрэг үү” гэж гишүүндээ гадуурхуулсан эмэгтэй сонгогчид тун урам муутай буцаж явахтай тааралдсан юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж