Тохиролцож чадахгүй бол санал хураана

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Тохиролцож чадахгүй бол санал хураана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр орой Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, дэд ахлагч Су.Батболд, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явц байдал, намын бүлгүүдийн харилцан тохиролцсон асуудлаар санал бодлыг нь сонсчээ. Ингээд хуулийн хэлэлцүүлгийг яаравчлахыг даалгасан байна.

“Улсын Их Хурлаар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нэлээд удаашралтай байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах тал дээр Улсын Их Хурал удаан ажиллаж байна гэсэн санаа бодол олон нийтийн дунд байгаа нь нууц биш. Иймээс хуулийг энэ сард багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Сонгуулийн хуулийг хойш тавих боломж, хугацаа бидэнд байхгүй.

Сонгуулийн хуульд өөрчлөлт орох боломжгүй тухай яриа байх ёсгүй шүү. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь гурван жилийн өмнө хоёр нам ярилцаад тохирсон зарчмын асуудал. Намууд ч энэ хуульд өөрчлөлт оруулна гэдгээ хэлчихсэн шүү дээ. Ийм учраас сонгуулийн хуульдаа зохих өөрчлөлт оруулах нь гарцаагүй.

Өмнө нь бид Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл дээр ярилцаж тохирсон хоёр асуудлыг анхаарах шаардлагатай. Улсын Их Хурлын болон Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийг хамтатган явуулах эсэх асуудлыг орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ярих үед ярилцъя. Асуудлыг заавал Улсын Их Хурлын сонгуулийн хуультай барьцалдуулах нь зохистой биш ээ.    Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг Улсын Их Хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Тойргийн асуудлаар тусгайлан ярилцъя гэж бид тохирсон.  

Эдгээр зарчмын асуудлыг анхааралдаа авахын зэрэгцээ хоёр асуудалд анхаарлаа чиглүүлж ажиллахыг та бүгдэд санал болгож байна” гэжээ. Үүнд:
Нэгд, МАН, АН болон УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн хуулийн талаар ярилцаж байгаа асуудлаа энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэх хэрэгтэй. Намын бүлгүүд хоорондоо саналаа ойртуулж ажилла. Бүлгийн гишүүдтэйгээ ч гэсэн тодорхой ажиллах шаардлагатай.

Дараагийн долоо хоногт багтаж УИХ сонгуулийн хуулийг ярих болно.

Хоёрт, УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн хуулийн талаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан УИХ санал хураалт явуулах болно. УИХ-д хуулийн ийм боломж байгааг та нөхөд ойлгож байгаа. Энэ тухай бараг зургаан сарын өмнө намуудад, намын бүлгүүдэд би тодорхой мэдэгдэж байсан. УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ ч тэмдэглэж байсан.

Эцэст нь Улсын Их Хурал дахь намын бүлгүүд Сонгуулийн хууль дээр санал тохиролцохгүй байна гэдэг бол олон түмэнд сайн мессеж болж очихгүй. Хэрвээ УИХ бүрэн эрхийнхээ дагуу санал хураалт явуулсан тохиолдолд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, санал хураалтад ямар нэг байдлаар саад учрахгүй гэдэгт итгэж байна. Нөгөө талаар намын бүлгийн дарга нар гишүүдтэйгээ ажилла, намын дарга нар ч бүлэг, гишүүдтэйгээ ажиллах байх. Одоо олон нийтийн дунд сонгуулийн шударга хуулийн тухай яриа, хүлээлт үүсчихээд байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд зохих өөрчлөлт орох нь гарцаагүй гэж УИХ-ын дарга хэлжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж