Фукушимагийн эмэгтэйчүүд суулт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Фукушимагийн эмэгтэйчүүд суулт хийж байна

Фукушимагийн 100 гаруй эмэгтэйчүүд хүүхдүүдээ цацраг идэвхиэс хамгаалахыг шаардаж, Токио дахь Засгийн газрын байрны гадна долоо хоногийн суулт хийж эхэлжээ. Суулт хийж буй эмэгтэйчүүдийн нэг 38 настай Аяако Ога “Фукушимагийн зарим оршин суугчдыг тэндээс нүүхээс хориглосон тул хүүхэд эмэгтэйчүүд одоо ч тэндээ амьдарч байна. Засгийн газрын шинжээчдийн тогтоосон цацраг идэвхийн зөвшөөрсөн төвшин хэтэрхий өндөр байгаа нь санаа зовоож байна” гэж ярьжээ. Японд цацраг идэвхит бодисын төвшин жилд 1миллизиверт байдаг бол Фукушимад  20 миллизивертийг стандарт гэж тогтоожээ. Японы Засгийн газар болон мужийн эрх баригчид  цацраг идэвхийн төвшин 20 миллизиверт хүртэл оршин суугчдад санхүүгийн тусламж үзүүлж, тус бүсээс сургууль, бизнесийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Фукушимагийн оршин суугчдын дийлэнхийг нүүлгэн шилжүүлсэн боловч зарим нутгийн иргэд сууриндаа амьдарсаар байгаа ажээ. Суулт хийж буй эмэгтэйчүүд эрх баригчдаас хоёр зүйл шаардаж байгаа юм байна. Нэгдүгээрт цацраг идивхижил өндөр байгаа бүс нутагт үлдсэн оршин суугчдад нүүх эрх  өгөх, хүүхдүүдийг хамгаалах, /үүнд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, гэр орон, ажлын байраар хангах зэрэгт нөхөх олговор олгох багтаж байгаа ажээ./ Хоёрдугаарт, Японы бүх АЦС-ыг хаахыг шаардаж байгаа юм байна. Фукушимагийн эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн есдүгээр сард Японы Ерөнхий сайд Нода цөмийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үед Нью Йорк хот дахь НҮБ-ын байрны гадна эхэлсэн юм. Ерөнхий сайд Нода НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй гар барих үед эсэргүүцлийн хөдөлгөөний нэгэн эмэгтэй “Фукушимагийн хүүхдүүдийг хамгаалж чадахгүй байж яаж цөмийн аюулгүй байдлын талаар ярьж байна аа?” хэмээн хашгирч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж