Утаагүй зуухнаасаа өгөөч

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Утаагүй зуухнаасаа өгөөч

Нийслэлийн Засаг даргын Там­гын газар, Агаарын чанарын ал­ба­наас гаргасан судалгаагаар гэр хороолол бүхий дүүргий хороо­нуудыг хязгаарлалтын бүс болгон зарласан билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хороо хязгаарлалтын үндсэн бүсээр сонгогдсон. Үлдсэн дөрвөн дүүргийн 42 хороо нь хязгаарлалтын дэд бүс юм. Эдгээр таван дүүргийн 48 хороонд утаагүй зуух хөтөлбөр хэрэгжүүлж Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр “Сэлэнгэ констаркшн” компанийн “Хас”, “Өлзий” болон “Роял Өүшн” ком­панийн “Дөл”, “Голомт” зэрэг зуух­нуудыг тарааж байгаа билээ. Эдгээр зуух халаах талбайгаасаа хамаараад 24300-50800 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Зуух байвал өгөөч…

“Утаагүй гээд байгаа зуухыг хаанаас авах вэ”, “Уг нь утаагүй зуухыг авмаар л байна. Даанч хаана байгааг нь мэдэхгүй ”. Энэ бол гэр хорооллын айлуудын ярих сэдэв нь. Хүйтний эрч хаалга тогших болсон энэ үед ингэж ярихаас ч аргагүй.  Учир нь хотын удирдлагаас илчтэйг нь гайхуулж, утааг бууруулдгийг судалгаагаар харуулаад байгаа шүү дээ. Гэвч сурталчлаад буй энэ зуухыг иргэд хаанаас авахаа мэдэхгүй байна. “Би л лав энэ зуухыг хаанаас авахаа мэдэхгүй байгаа. Хорооноосоо авах юм уу, тусгай цэг байгаа юм уу, бүү мэд. Уг нь хямдралтай тараагаад байгаа гэсэн шүү дээ” гэж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Лхагвадулам хэлж байлаа. Ганц энэ хүн ингэж асуугаад байна уу гэвэл үгүй. Хаагуур тарааж байгаа, яаж авах тухайгаа хүмүүс ойлгохгүй хэвээр…

Баянгол дүүрэгт  “Эрдэнэ конст­ракшн” компани Гандантэгчинлэн хийдийн урд худалдаалах цэг ажиллуулж, утаагүй зуух хүмүүст тарааж байна. Энэ бол нүдэнд харагдаж байгаа цэг нь. Өөр хаана зарж, борлуулж буйг иргэд тэр бүр мэдэхгүй. Гэвч албаны хүмүүсийн хэлж буйгаар сонгогдсон хороо бүрээр дамжуулан мэдээллийг хүргэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, та хэрвээ эдгээр хороодод амьдардаг бол хорооны засаг даргаасаа асууна гэсэн үг.

 “Нийслэлийн удирлага болоод холбогдох байгууллагуудын судалгааны үндсэн дээр сонгогдсон хороонуудад утаагүй түлшийг 22 мянган айлд тараагаад байгаа. Энэ жилийн тухайд зөвхөн сонгогдсон бүсүүдэд л утаагүй зуухыг тарааж байгаа” гэж Цэвэр агаар сангийн дарга Н.Хүрэлсүх ярьж байсан юм. Чухамдаа байдал ямар байгааг хамгаас илүү мэдэх хүмүүс нь “Эрдэнэ констракшн” компани. Компанийн удирдлагуудаас энэ тухай тодруулах гэсэн боловч холбогдох хариултыг өгөх хүн олдсонгүй.

Хязгаарлалтын бүс гэж байгаа юм уу…

Энэ асуултыг гэр хорооллын иргэд асууж байна. Нийслэлийн удирдлагуудын хэлж байгаагаар хязгаарлалтын бүсээр тогтоосон хороодын тухай мэдээллийг цахим хувилбараар дамжуулан мэдээлж байгаа гэх. Гэтэл гэр хорооллын айлуудын ихэнх нь интернетэд холбогдоогүй байдаг. Мэдэх нэг нь мэдэж байхад хөгшид настнууд энэ талаар мэдэхгүй хэвээр. “Би бодохдоо энэ зуухыг бүх дүүргүүдэд л тараагаад байгаа гэж ойлгосон. Хэдэн хоног явсны эцэст үгүй гэдгийг нь мэдсэн. Зурагтаар рекламдахдаа энэ тухайгаа хэлж болоогүй юм байх даа” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Жавзандулам хэлж байлаа. Харин сонгогдсон хороодын удирдлагууд “Бид энэ тухай иргэдэд мэдээлж байгаа тэгэхээр ийм байдал үүсэхгүй гэж хэлж болно” гэж хэлж байсан юм.

Хязгаарлалтын бүсээс хөөнө…

Хязгаарлалтын бүсэд багтсан айлууд, түүхий нүүрс шатааж, утаагүй зуух хэрэглэхгүй бол бүсээс хөөнө. Учир нь та Нийслэлийн дүрэм журам болоод Агаарын бохирдолыг хуулийг зөрчиж байгаа учраас. Гэхдээ та мэдээлэл муугаас эсвэл зуухны тараалт муу байгаагаас болоод хөөгдвөл энэ бас таны л буруу. Яагаад гэвэл “дүүрэг, хороодын муугаас мэдээлэл муу байвал” гэсэн дүрэм журам байхгүй учраас. Бас нэг зүйл байгаа нь хөнгөлөлттэй буюу 21300 төгрөгөөр тараагаад байгаа тогтолцоо энэ сараас цуцлагдах ёстой учраас харьяа хороодоосоо тодруулан яаралтай зуухаа авах шаардлагатай болж байна.

Уг нь зуухыг 75 мянган айл өрхөд тараах ёстой байсан ч одоогийн байдлаар 22 мянгад нь тараагаад байна. Хэрвээ энэ байдлаараа үргэлжлэх юм бол үлдсэн 53 мянган айл өрхийн байдал хэрхэх нь эргэлзээтэй. Тараалт, мэдээлэл муу байснаараа хязгаарлалтын бүсээс хөөх үү гэдэг асуулт хэвээр үлдлээ.

ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХЯЗГААРЛАСАН ҮНДСЭН БҮС

Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23 хороо

ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХЯЗГААРЛАХ ДЭД БҮС

Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 хороо, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо

БҮРЭН ШАТАЛТТАЙ НҮҮРС НЭВТРҮҮЛЭХ БҮС:

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 3-11 болон 23, 28, 30, 31 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 4, 5 болон 19, 21, 22, 27 дугаар хороо

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж