Ай Вейвейд хандив өгч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Ай Вейвейд хандив өгч байна

Хятадын тэрс үзэлт зураач Ай Вэйвэйг дэмжигчид түүнийг 2.4 сая ам.долларын торгууль төлөхөд нь туслахаа илэрхийлсэн байна. Хятадын эрх баригчид зураачийг барьж хорьсны дараа түүнд татвараас зайлсхийсэн хэрэг тохсон билээ. Зураач Ай Вейвейд дэмжигчдээс нь ирүүлсэн хандивын мөнгө өнөөдрийн байдлаар таван сая юань буюу 790,000 ам.долларт хүрчээ. Хүмүүс түүнд банкны данс болон шуудангийн хаягаар нь дамжуулан хандив өгч байгаа гэнэ. “Шувууны үүр” цэнгэлдэхийн зохион бүтээгчийн нэг Ай Вейвей тэдгээр хүмүүст мөнгийг нь дараа буцааж өгөхөө амласан байна. Хятадын хууль сахиулагчид түүнд татвараас зайлсхийсэн хэргээр торгууль ноогдуулсан тухай мэдээ тарснаас хойш хүмүүс ийн хандивын аян өрнүүлжээ. Зураачийн урлангийн сайн дурын нэгэн ажилтан Ай Вейвейд хандив өгсөн хүмүүсийн тоо 20 мянга хүрсэн талаар “Twitter”-тээ бичжээ.

Зураач Ай Вейвей Хятадын эрх баригчдын бодлогыг хурцаар шүүмжилж, хүний эрх, эрх чөлөөг уландаа дэвсч буйг буруутгасны төлөө баривчлагдсан юм. Гэвч зураачийг үндэслэлгүй баривчилж, шоронд хорьсон нь олон улсын зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарсан тул Хятадын хууль сахиулагчид түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт буруутгасан юм.


Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж