”Хувьцаа тараахаас өмнө үнээ тогтоох ёстой”

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

”Хувьцаа тараахаас өмнө үнээ тогтоох ёстой”

УИХ-ын МАН-ын бүлэг өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн байна. УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь  зарахаар тусгасан.  Гэвч үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүд цөөн байгаагийн зэрэгцээ зөвхөн 2700 хүний гарт дээр дурдсан 10 хувийн хувьцаа төвлөрч тэгш бус хуваарилалт үүсэх болж буй тул ард иргэддээ нэмж “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг эзэмшүүлэхээр хэсэг гишүүд УИХ-д хуулийн төсөл өргөн бариад байгаа. Энэхүү хуулийн төслийг дэмжиж “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хувийг иргэдэд ижил тэгш хэмжээгээр  хуваарилах нь зөв гэж МАН-ын бүлэг үзлээ. Энэ талаар   “Монгол 999 нэгдэл” ямар байр суурьтай байгаа талаар тус нэгдэлийг ТУЗ-ын гишүүн, “Урбаник” компанийн захирал Б.Лхагважаваас тодрууллаа

-МАН-ын бүлгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараахаар боллоо. Энэ талаар та юу гэж бодож байна?

-УИХ-аас 39 дүгээр тогтоолыг баталсан. МАН-ын бүлгээс гарсан шийдвэрийг сонссон. Уг нь 39 дүгээр тогтоол аль нэг намын бүлгээс гарсан шийдвэр биш. Гэхдээ Ардчилсан нам, МАН хоёулаа “Эрдэнэс Тавантолгой “компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд ижил тэгш хэмжээгээр тараахаар шийдвэрлэлээ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

-Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа зарлаа гэхэд хамгийн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд зарах нөхцөлийг нь бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм биш үү?

-Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн арга л даа. Аль алиныг нь гомдоохгүй, хохироогүй л гэж үзсэн юм болов уу. Уг нь хувьцааг үнэгүй тараах нь хувьцааг үнэгүйдүүлж буй арга юм. Үүнийг УИХ-ынхан ойлгохгүй байна гэж байхгүй.  Миний бодлоор иргэдэд нэрлэсэн үнээр нь зарах хэрэгтэй. Нэрлэсэн үнээр нь хувьцаагаа авч чадахгүй байгаа иргэд аж ахуйн нэгжтэй тохиролцоод хувьцаагаа зарна шүү дээ. Энэ бол байж болох арга.  Тавантолгой төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанид маш их мөнгө хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг хувьцаанаас босгох ёстой юм . Миний бодлоор компаниудаар мөнгө босгуулах гэсэн нэг арга л даа. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг маш хурдан тогтоох хэрэгтэй байна. Бид цаг алдахын хэрээр хөрөнгө алдах болно.

-Нэрлэсэн үнэ нь өнөөг хүртэл тогтоогоогүй, тодорхой бус байгаа?

-Үүнийг л хамгийн түрүүнд хийх ёстой юм. “Эрдэнэс Тавантолгой “компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд тараана гэж амлахаас илүү нэрлэсэн үнийг нь тогтоож өгөх ёстой. Тэгж байж л мөнгө босгоно. Тавантолгой төслийг хэрэгжүүлэхэд 1,5 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа. Тэр мөнгийг нь босгоход аж ахуйн нэгжийн оролцоог ашиглах хэрэгтэй байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэд авахгүй мөнгө болгоно гэж үзвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжид санал болгох замаар эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх зарчмын шийдэлд хүрсэн юм байна л гэж ойлгож байна даа.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж