Саудын хаан ширээг залгамжлагч Найеф бен Абдель-Азиз

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Саудын хаан ширээг залгамжлагч Найеф бен Абдель-Азиз

Саудын ван  хаан ширээ залгамж­лах жононг эцэг нэгтэй, Дотоод хэргийн сайд, 78 настай Найеф бен Абдель-Азизыг нэрлэв. Энэхүү шинэ мэдээлэл тус улсын бодлого улам консерватив болно гэх болгоомжлол төрүүлж байна. 

Одоо 87 настай Абдалла вангийн сонголтод хэн ч гайхсангүй. Найеф хоёр жил ерөнхий сайдын (ван) хоёрдугаар орлогчоор буюу хаан ширээ залгамжлах хоёрдугаар хүнээр ажиллаж байна. Одоо асуудлын гол нь энэ консерватив жонон улс орноо хааш нь чиглүүлэх бол гэдэг л байгаа. Тус орны баруунтай нягт холбоотойд ван солигдлоо гээд нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Найеф өнөөгийн вангийн 2005 онд засгийн эрх аваад явуулсан улс төрийн болон нийгмийн тогтолцооны аажим өөрчлөлтөд төгсгөл тавьж магадгүй гэж FT сонин бичсэн байна. Reuters-ийн эх сурвалж хэлснээр Найеф улс орныхоо амин чухал шинэчлэлийг зөвхөн үргэлжлүүлж, өсч буй үеийнхэнд шинэ ажлын байр бэлтгэхэд анхаарах гэнэ. Найеф хуучинсаг шашны хүрээнийхэнтэй холбоо сүлбээ сайтай, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурины талаар уламжлалт үзэлтэй мөн өөрийн үзэл санаатай нийлээгүй хүмүүсийн байр суурийг тэвчдэггүй гэдгээрээ нэртэй хүн гэнэ. Тэрээр межлис аш-шурын (вангийн томилгооны зөвлөлдөх байгууллага) гишүүдийг сонгох саналыг 2009 онд огт хүлээн аваагүй. Тэгээд ч тэрээр аш-шурад эмэгтэй хүн харахдаа бэлэн биш байгаа. Мөн тэрээр эмэгтэйчүүдийг засаглалд оруулахын эсрэг байдаг. Тийм гэдгээ ч нийтэд илээр хэлэн вангийн томилсон Боловсролын орлогч сайд Нуур аль-Файез гэдэг эмэгтэйг  дайруулаад авч байсан юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Найефыг хүний эрхийг сахиулахгүй байна хэмээн нэг биш удаа шүүмжилж байв. “Аль-Каида” бүлэгтэй холбоотой хэргээр олон хүнийг бариулан ял сонсголгүйгээр хорьж байгаа нь энэ шүүмжлэлийг гаргасан юм. Саудын цорын ганц кино наадмыг 2009 оны зун хаалгасан хүн нь Найеф гэж үздэг тухай Reuters өгүүлсэн байв. Энэ бүгд нь эргээд түүнд тус болж магадгүй. Хуучинсаг хүрээнийхэнтэй сайн холбоотой байгаа нь түүнд онцын эсэргүүцэлгүйгээр шинэчлэл явуулахад нь ашигтай байж болно. Хатуу ширүүн байр суурьтай ч гэсэн тэр эмэгтэйчүүдэд биеийн байцаалтын зургаа авахуулахыг зөвшөөрсөн байв. Исламын ёсоор өсвөрийн наснаас эхлэн эмэгтэйчүүд нүүрээ үзүүлэх ер нь хүний нүүр царайг зурах нь хориотой. Мөн тэрээр нийгмийн бэлгийн амьдралд хяналт тавих цагдаагийн ёс зүйн албыг татан буулгаснаас гадна баривчилгааг зөвхөн цагдаагийн оролцоотойгоор хийлгэх болгожээ.

“Тэрээр шашныхан дургүйцэж байсан ч Ерөнхий прокурорын институтыг бий болгох талд хатуу зогссон юм” хэмээн FT сонин “аль-Ватан” сонины ерөнхий редактор Жамаль Хас-Ходжигийн хэлснээс иш татсан байна. Найеф ван болоод шашны хүрээний  шүүхэд ажилладаг, исламын хуулийг өөрийн санаснаар тайлбарлан ял өгдөг төлөөлөгчдийн нөлөөг багсгахаар шүүхийн системдээ шинэчлэл хийнэ гэж Reuters өнгөрсөн жилд бичиж байсан юм. “Барууны үзсэнээр харах юм бол Саудын Арави хойш ухарна. Гэтэл би тэгж бодохгүй байна” хэмээн “Вант улсын дотор” гэсэн номыг зохиогч Роберт Лейси хэлээд Найефийг засаг барих үеэр эмэгтэйчүүдэд нь машин жолоодох болно хэмээн нэмж өгүүлэв.

Барууны бодож байгаагаас илүүтэй засгийн эрх мэдлийг Найеф эдэлдэг гэж The Weekly Standard сонин 2002 онд бичиж байсан. Меккад даяанчлал хийлгэх асуудал хариуцсан Хажийн тусгай сайд байдаг. Харин Найеф Хажийн дээд зөвлөл болон Мэдээллийн дээд зөвлөлийг толгойлдог. Ван улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд Худалдааны ба Гадаад хэргийн сайд нь хөөцөлдөж, Найеф ДХБ нь шариатын хэм хэмжээнд тохирох уу гэсэн ээдрээтэй асуудлыг шийдсэн. Найеф гадаадад айлчлалаар их явдаг бөгөөд олон улсын асуудлаар ихэвчлэн тайлбар хийдэг.

Найеф Таифе хотноо төрсөн бө­гөөд төрсөн оныг нь 1934 гэж албан ёсоор үздэг. Өөр нэг хувилбараар тэр 1933 онд төрсөн гэдэг. Ойрхи Дорнодод төрөлтийн бүртгэлийг нарийн хөтөлдөггүй байжээ. Тэрээр Судайристийн долоо гэсэн хүчирхэг  гэр бүлийн отгийн хүн. Энэ отог нь Абдель-Азизийн хайртай зургаадах эхнэр  Хасса бен Ахмад аль-Судайригийн ванд төрүүлж өгсөн хөвгүүдээс бүрэлддэг гэнэ. Найеф  20 насандаа хоёр жилийн турш Саудын нийслэл Эр-Риядын захирагч байгаад дараа нь Дотоод хэргийн орлогч сайд 1975 оноос жинхэнэ сайдаар нь ажиллаж байна.

Энэ тушаалд байхдаа тэрээр вангийн гэр бүлийн өмнө байсан хоёр асуудлыг шийдсэн байна. Нэгдүгээрт нь террористууд 1979 онд Меккад довтлон 6000  хүнийг барьцаалсан хэрэг, 2003-2006 онд Саудын Аравид “Аль-Каида” бүлэглэлийн хийсэн цуврал аллага гарсан. Тэр үеэр террористуудын салбар үүрүүдийг бут ниргэж чаджээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорт саудчууд хамаагүй, сионистууд л түүнийг зохион байгуулсан гэж тэрээр хэлж байгаад 2003 онд улс орон нь террорт нэрвэгдэнгүүт Найеф өөрийн хүчирхэг хамаатан садандаа Америктай нийлэн террорын эсрэг идэвхтэй тэмцэх нь зөв хэмээн итгүүлж чадсан юм. Найеф өөрөө “Аль-каидагийн” халдлагад 2004 онд өртсөн ба азаар нэрвэгдсэнгүй. “Бид хамгаалах [ислам] болно,  шариатад үнэнч хэвээр үлдэн түүнийг манай амьдралын салбар бүрт хэрэглэнэ… [Террористууд] бодохдоо исламд үйлчиж байна гэдэг ч үнэн хэрэгтээ үүнд  нийтлэг зүйл огт үгүй. Лалын хүн лалын хүнээ хэзээ ч хөнөөхгүй. Ислам хүний амьдралыг хамгаалдаг. Ислам модыг хүртэл тайрахаас хамгаалдаг” гэж Найеф ярьж байв.

Абдалла ван Найефийг ерөнхий сайдын хоёрдугаар орлогчоор 2009 оны гуравдугаар сард томилсон юм. Энэ тушаалыг хаан ширээ зал­гамжлагчийн дараагийн хүн уламж­лан эзэлдэг. Ван ба залгамжлагч хоёр нь эзгүйд тэр хүн Сайд нарын танхимын хуралдаанаа удирд­даг. Үүгээр вантан хаан ширээ залгамжлагчаар залуу үеэс сонгоно гэсэн найдлагад цэг тавьжээ. Мөн ширээ залгамжлагч жонон Султан бен Абдель-Азиз эдгэшгүй өвчтэйг тэр үүгээр сануулсан гэж болно. Султан бүдүүн гэдэсний хорт хавдраар 86 насандаа Нью-Йоркт нас барсан юм.

Абдалла вангийн биеийн байдал ч түгшүүр төрүүлж байгаа. Аравдугаар сард тэрээр жилдээ гурав дахь нь болох нурууны мэс заслыг хийлгэсэн. Түүний нурууны нугалааны мөгөөрс элэгдсэн байна. Ван одоо мэс заслын дараах сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Түүний биеийн байдлын талаарх мэдээлэл их хязгаарлагдмал учраас Абдаллагийн биеийн байдал сайн биш гэсэн яриаг гаргаж байна.  Найефийн биеийн байдал ч бас тийм сайн биш гэнэ. Өвчнийх нь талаар янз бүрийн зөрөлдөөнтэй мэдээлэл байдаг.  Персийн булангийн орнууд ба эрчим хүчний бодлогын Вашингтоны  институтын захирал Саймон Хендерсон түүнийг цусны бөөмийн өвчтэй гэсэн бол  Economist сэтгүүл түүнийг сахарын шижин ба остропорозтой гэж өгүүлжээ.

Саудын Арабын засаглал нь ахаас нь дүүд нь шилждэг. Вант улсыг үүсгэн байгуулагч Абдель-Азиз 1953 онд нас барснаас хойш түүний таван хүү бие биенээ солин эрх барьжээ. Одоо түүний 45 хүүгээс дөнгөж 19 нь амьд байгаа юм. Улс төрөөр идэвхтэй байгаа хөвгүүдээс нь Найеф  одоо хамгийн ахмад нь болж байна. Саудитууд  уламжлалаа солиод байдаггүй, хаан ширээ залгамжлагч нарын амбици, мөн тэдний нас ба эрүүл мэндийг тооцвол ойрын 10-15 жилийн дотор хаан ширээнд суугчид өөрчлөгдөнө гэсэн түгшүүр улам бүр бодит болж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж