“Гөрөөсхөн-2011” тэмцээнд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

“Гөрөөсхөн-2011” тэмцээнд амжилттай оролцлоо

ОХУ-ын Өвөр байгалийн Чита мужид болсон “Гөрөөсхөн-2011” бүжгийн наадамд Хэнтий аймгийн Батноров сум, Дорнод аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх бүжгийн хамтлагууд урилгаар оролцлоо. Бүрэлдэхүүнд Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 сурагч, захирал, “Хан Хэнтий” чуулгын бүжгийн багш, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Наадамд Хэнтий аймгийн хүүхэд багачууд анх удаагаа, Дорнод аймгийн хүүхдүүд тав дахь удаагаа оролцож байна.

Тус наадам нь хоёр жил тутамд нэг удаа явагддаг ба Чита мужийн 52 бүжгийн хамтлагийн 1800 хүүхэд багачууд оролцож “Болор шаахай”-г авахын төлөө өрсөлддөг юм.

Чита мужийн “Забайкальскийн узор” театр, филармонид тус наадмын бүжгийн хамтлагуудын тоглолт болж, Монголоос оролцсон хүүхдүүд ОХУ-ын хүүхдүүдтэй хамтран тоглож Н.Ариунбадралын дэглэсэн “Нутгийн салхи”, “Дөрвөд” бүжиг бүжиглэн үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж