Хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид юу гэж үзэв?

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид юу гэж үзэв?

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аар батлан гаргах гэж буйтай холбогдуулан уг хуульд юуг заавал тусгаж өгөх шаардлагатай болон өнөөдөр Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ямар төвшинд байгаа талаар сэтгүүлчдээс тодрууллаа.

Ж.Алтангэрэл /МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч, тоймч, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн/:

-Монголд 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хуультай болсон нь нэг том алхам болсон. Үүнийг хэвлэл, мэдээллийн салбарт гарсан нэг эргэлт гэж ойлгодог. Тухайн үед гарсан хамгийн том өөрчлөлт бол төр өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлгүй болсон явдал. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бие даасан, хараат бус байх ёстой гэсэн зарчмыг тодотгосон. Энэ бол том ололт байсан. Харин энэ ололтоо цаашид бататгах, ерөнхий бодлогын, тунхагийн чанартай баримт бичгүүд, хууль эрх зүйн орчин үйлчлээд байх биш, бодит амьдралд илүү хэрэгжүүлэх механизм суулгаж өгөх талд энэ удаагийн Хэвлэлийн эрх чөлөөний хууль чиглэх ёстой гэж ойлгож байна. Сүүлийн үед сэтгүүлчид дунд үүсч байгаа гол бэрхшээл бол улстөрчид, бизнесийнхний нөлөөнд автах гэж байна шүү гэсэн асуудлыг дохио болгож хөндөж байх шиг байна. Хувьдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй улстөрч, бизнесийнхэн олширсон нь нийгэмд тийм таатай санагдахгүй байгаа байх. Энэ нь ч нийгэмд зөвхөн нэг талын мэдээлэл хүрэх шалтгаан болж байгаа. Тиймээс улс төр, бизнесийнхэн өмчлөлөөсөө татгалзах, харин хувьцаа эзэмших, санхүүгийн үйл ажиллагаанд нь ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлэх байдлаар оролцоогоо хангаж болох юм. Гол нь эзэд нийтлэлийн бодлого, хувь сэтгүүлчийн үйл ажиллагаанд  оролцохгүй байх талаасаа анхаарах учиртай. Энэ талын эрх зүйн орчин бүрдээсэй гэж хүсч байна. Парламентын сэтгүүлчдийн хувьд УИХ аль болох нээлттэй байх, түрүүчийн ололтоосоо ухрахгүй байх эрх зүйн орчин үйлчилж байхыг хүсч байна.


Г.Мөнхтуул /25 дугаар суваг телевизийн сэтгүүлч, тоймч/:

-Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон байсаар л байна. Үүнээсээ ч бараг ухрах гэж байх шиг байна. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар ялладаг заалтыг хасахгүй байгаа нөхцөлд Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэсэн нэрээр сэтгүүлчдийн ажиллах нөхцөл, эрхийг хязгаарласан маягийн заалтууд төсөлд орсон байх шиг харагдсан. Тухайлбал, эх сурвалжаа нууцлах эрхийг тусгасан юм шиг мөртлөө нөгөө талаас “зайлшгүй тохиолдолд” гэсэн болзол, нөхцөл гаргаж ирээд мэдээллийн эх сурвалжаа илчлэх ёстой гэсэн заалт оруулаад ирсэн ч байх шиг. Үүнд сэтгүүлчид эмзэг хандаж байгаа. Нөгөө талаар зах зээлийн нөхцөлд арилжааны телевиз, сонинуудын хувьд захиалагчийн өгсөн “дууг” л тавьдаг. Захиалагчийн даалгаврыг биелүүлснийхээ төлөө тухайн хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид эрүүгийн ялд унадаг нь шударга бус. Тэгэхээр захиалагчидтай хариуцлага тооцох асуудлыг ч тусгавал яасан юм бэ гэсэн бодол байна. Магадгүй, эх сурвалжаа нууцлах гэдэг үүднээс үүнийг гаргахад төвөгтэй байж болох юм. Гэвч улстөрчдийн хоорондын хэрүүл, өрсөлдөөний золиос нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж хохирдог байдлыг арилгах заалтуудыг зайлшгүй тусгах шаардлагатай.

Л.Пүрэвням /NBS телевизийн Программын албаны дарга/:

-Хэдий мөнгөтэй хүн хөгжим захиалж болдог ч гэсэн янз янзын салбарын хүмүүс сэтгүүл зүйд орж ирж, үүний цаана захиалгат сэтгүүл зүйн асар их хөрөнгө оруулалт явж байна. Үүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд консул, омбудсмэн энэ тэр хэрэггүй. Сэтгүүлчдийн дүрэмд аяндаа байх ёстой зүйл. Тэгэхээр сэтгүүлчийн ажиллах орчныг баталгаатай болгох талаас нь аятайхан заалтууд байх хэрэгтэй. Мэдээллийнхээ эх сурвалжийг гаргаж өгдөггүй байх ёстой. Хүний нэр төрийг сэвтээсэн гэх асуудал бий. Эрүүгийн хуулийн 110, 111-ийн нэг, хоёрт заасан энэ зүйл анги байх хэрэгтэй юү, үгүй юү. Тэртэй тэргүй мөнгөтэй, албан тушаалтай хүмүүс шүүх дээр очоод намайг гүтгэсэн гээд л сэтгүүлчид ял тулгуулж чадна. Тиймээс сэтгүүлчийн гаргасан асуудлыг АТГ шалгаж мухарладаг. Дээр нь сэтгүүлчид ёс зүйтэй байх ёстой. Мэргэжлээрээ далимдуулж бусдыг шантаажилдаг цөөн сэтгүүлчийг цэгцлэхийн төлөө заалт харин хуульд байх ёстой. Шийтгэхэд хүрвэл Эрүүгийн биш Иргэний хуулийн заалтаар шийтгэдэг ч юм уу. Ямар мэдээлэл нууц юм бэ гэдгийг сайн тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол нэг хуралдааны протокол хүртэл байгууллагын нууц болчих жишээтэй. Төрийн хажууд, яамдад хэвлэл, мэдээллийн албад байдгийг болих хэрэгтэй. Мэдээлэл өгөөгүйнх нь төлөө тэдэнд хариуцлага хүлээлгэдэг заалт баймаар байна. Сэтгүүлч шүүхэд дуудагдаад заргаа алдчихвал тухайн сэтгүүлч хохироод л хоцордог. Хэвлэл, мэдээллийн байгууллага нь биш. Тэгвэл шинэ хуулиар сэтгүүлчээ хамгаалдаг баймаар байна. Ер гаруй хуульд сэтгүүлчдийн эрхийг хаасан заалт байдаг юм гэсэн. Тэдгээрийг зөөлчлөх ёстой. Сэтгүүл зүйг сэтгүүлчид өөрсдөө цэвэрлэх ёстой. Тэрнээс биш гаднаас хууль дүрмээр тулгаад ажил явахгүй. Сэтгүүлчдийн энэ олон холбоод эздийн байгууллага болчихоод сэтгүүлчдэдээ хүрч ажилладаггүй, сэтгүүлчийн дундаж цалин хэд байх ёстойг тооцож гаргадаггүй. Гурвалсан хэлэлцээртээ сэтгүүлчдийг оруулдаггүй. Жирийн сэтгүүлчийн цалин бага. Тиймээс хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хянадаг эрхийг хөндлөнгийн төрийн бус байгууллагад өгөх ёстой.

Л.Энхдэлгэр /Монголын мэдээ сонины сэтгүүлч/:

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн хараат бус байдлыг түлхүү оруулах ёстой байх. Хэвлэлийн санхүүгийн хараат бус байдлыг ялангуяа тусгаж оруулах хэрэгтэй. Сэтгүүлч шүүхийн өмнө очсон тохиолдолд эх сурвалжаа хэлэхийг тулгадаг. Түүнийг зохицуулж, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалсан зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Шүүх дээр сэтгүүлчдийг эх сурвалжаа хэл гэж дарамталдаг. Үүнийг зохицуулах хэрэгтэй юм. Миний уншсантай харьцуулбал Монголын сэтгүүлчид харьцангуй эрх чөлөөтэй гэж боддог. Баруунд маш олон цензур байдаг юм билээ. Гэтэл манай хэтэрхий эрх чөлөөтэй гэж бор зүрхээрээ боддог байдал эргээд хуулиар хамгаалагдсан уу гэвэл төдийлөн хангалттай биш байдаг.

Э.Болортулга  /Үндэсний мэдээ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга/:

-Сэтгүүлчдэд мэдээллийн эх сурвалжийг нууцлах, хамгаалах, мэдээлэл олж авах тал дээр учир дутагдалтай, их хүнд байдаг. Аль ч байгууллагаас мэдээлэл авах эрхтэй гэдэг ч хэрэг дээрээ хэцүү, олон бэрхшээлтэй тулгардаг. Тэр эрх үүргийг нарийн зааж өгөх хэрэгтэй. Сэтгүүлчид үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй. Гэтэл гарцаагүй баримттай мэдээллийг олж нийтлүүлснийхээ төлөө сэтгүүлч эх сурвалжаа илчил гэсэн тулгалтад орж ял эдэлдэг. Эрүүгийн ял авдаггүй юм гэхэд ямар нэг мөнгөн торгууль шийтгэл оногдуулдаг. Сэтгүүлчдэд эрүүгийн ял тулгадгийг энэ хуулиар болиулах хэрэгтэй. Сэтгүүлчийн мэргэжлийн онцлог, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын эрх үүргийг нарийн тодорхой заах ёстой. Сэтгүүлчид асар их мэдээлэл дунд, өндөр ачаалалтай, цаг наргүй ажилладаг атлаа ямар ч нийгмийн халамж эдэлдэггүй, нийгмээс ангилагдсан, ихэнх нь гэр бүлгүй, сэтгүүлч ба бусад гэсэн байр суурьтай болчихсон ийм байдалд байдаг. Үүнийг ч гэсэн төрөөс анхааралдаа авч, хуульдаа тусгах ёстой. Хэрүүл зарга хийж явж орон сууцны квотод хүчээр цөөхөн хэдхэн сэтгүүлч чихэж өгснөөс биш эмч, багш нар л гээд байгаа болохоос сэтгүүл зүйн салбарынхан бор зүрхээрээ л амьдарч байгаа хүмүүс. Үнэн хэрэгтээ нийгмийн халамж, баялгаас хүртэх хүртээмж сэтгүүлчдэд байдаггүй. Үүнийг ч хуульд тусгах л ёстой. Сэтгүүлч ч гэсэн хүн, ард түмний нэг хэсэг шүү дээ.

Хэвлэлийн эрх чөлөө бол Монголд инээдтэй, бүрхэгдүү талдаа. Харахад нэг их эрх чөлөөтэй юм шиг мөртлөө хамгийн эрх чөлөөгүй салбар гэж боддог. Шударгаар ажиллаж яваа сэтгүүлчид асар их дарамтад байдаг. Үүнийг ингээд бичвэл яах бол гэсэн байдалтай, үзэл бодлоороо асуудалд хандахад хэцүү болсон. Асуудлыг бодитоор хүргэнэ гэдэг сэтгэлийн чин зориг мэдсэн асуудал болдог. Тэр талаасаа хэвлэлийн эрх чөлөө байгаа гэж хэзээ ч хэлэхгүй. Сэтгүүлчийн нийгмийн асуудал хүнд байгаа тохиолдолд хэзээ ч эздийн өөдөөс том дуугараад юм бичиж чадахгүй. Цаад хүн сэтгүүлчийг санхүүгээр засаглаж байгаа учраас. Хэвлэл мэдээллийн салбар эмзэг туяхан, санхүүгийн чадамж тааруу учраас яг жирийн сэтгүүлч дээр очихоор байдал бүр хэцүү болдог.

Ц.Оюунчимэг /Shuum.mn сайтын сэтгүүлч/:

-Хэвлэлийн эрх чөлөөний хуульд редакцийн хараат бус байдал хамгийн чухал. Ямар нэг эрх мэдэлтэн, улс төрийн бодлоготноос, улс төрийн намаас харааат бус редакцийн бодлогыг бий болгох үндэслэлийг хуульд сайн тусгаж өгөөсэй гэж бодож байна. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг олгосон боломжуудыг бий болгох хэрэгтэй. Эрүүгийн хуульд сэтгүүлчдийн эсрэг нэг заалт бий. Түүнийг хэрэглэхэд үнэхээр хүний нэр төрд халдсан хэрэг мөн үү, үнэхээр гүтгэсэн үү гэдгийг тэр дор нь тогтооход хэцүү. Олон улсын төвшинд түүнийг шийддэг ямар жишиг байна, түүнд нийцүүлсэн байдлаар явахгүй бол Монгол Улс дангаараа хатуу хувилбараар яваад байх хэцүү. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх боломж улам багасна гэсэн үг.

Монгол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй болсон гэдэг бараг үнэн. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бүрийн ард нэг улстөрч юм уу,нэг бизнесмэн байна. Хэвлэлүүд төлбөртэй материал тавьдаг. Түүний ард мөнгө явж байдаг. Тэр хэрээрээ хараат бус байдал нь алдагдаж байгаа. Үүнийг хуульд бас харгалзаж үзэх хэрэгтэй.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж