Туркт дахин газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Туркт дахин газар хөдлөв

Туркийн зүүн мужид дахин 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 20 гаруй  байшин барилга нурснаас гурван хүн амиа алдаж олон хүн нурангид даруулжээ. Ван мужид аврах ажилтнууд болон сэтгүүлчдийн байрлаж байсан зургаан давхар зочид буудал нурсан байна. Газар хөдлөлт Ван мужаас өмнө зүгт 16 км зайд орон нутгийн цагаар 21:23 үед болсон байна. Өнгөрсөн сард тус мужид болсон  7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшиг бүрэн арилаагүй байгаа юм. Өмнөх газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тоо 600 хүрээд байгаа юм. Өчигдрийн газар хөдлөлтөөр сүйдсэн байшин барилгын нураги доороос дарагдсан хүмүүсийг гаргах ажил өрнөж байгаа гэнэ. Аврах ажилтнууд нуранги доороос хүмүүсийг гаргахаар гэрэл асаан шөнийн турш эрлийн ажлыг үргэлжлүүлсэн байна. Нурангид дарагдсан нэгэн сэтгүүлч тусламж хүссэн мессеж хамтрагчдаа илгээсэн талаар “Ассошиэтэд пресс” мэдээлжээ. Туркийн ерөнхий сайдын туслах Бесир Аталайн мэдэгдсэнээр газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн сургууль, байшин барилгын дээвэр нурсан гэнэ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн оршин суугчдад туслах аврах ажилтнууд нийслэл Анкара хотоос ирсэн байна. Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр аврах ажилтнууд нурангин доороос 11 хүнийг гаргаад байгаа ажээ. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог Ван мужид өнгөрсөн сарын 23-нд болсон газар хөдлөлтийн улмаас хэдэн мянган хүн орон гэргүй болсон бөгөөд тэд одоо ч майханд амьдарч байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж