Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Час улаан хувьсгалч

О.Магнай гэж ам л нээвэл “Хувьсгал хийх хэрэгтэй” гэж ярь­даг улаан хувьсгалч нөхөр байна аа. Тэгээд бүр дүрдээ итгэчихсэн өөрийгөө “төрөлхийн хувьсгалч” хэмээн өргөмжилдөг юм билээ. Фэйсбүүкийнхээ танилцуулгад Ир­гэний хөдөлгөөний удирдагч гэдгээ бахархалтайяа зарласан байгаа юм. Яг л өнөөх “Тунгалаг тамир” роман дээр гардаг хамтралын бухыг мөргөсөн эсэргүү бухыг буудаж алсан улаан хувьсгалч Дорж гэдэг шиг нөхөр юм уу даа. О.Магнай Монголд дахин хувьсгал эхлүүлэх талаар туршлага судлахаар энэ  зуунд хувьсгал мандуулсан улсуудад очиж Египе­тийн хувьс­галыг ихэд таалсан  гэдэг. Тэгэхээр удахгүй Монголд Египет маягийн хувьсгалыг тэр эхлүүлж ч мэдэх юм. Уг нь түүнийг “Цэрэгт явж үзээгүй, амьдралын зовлон мэдэхгүй болохоор л  хувьсгал гэж цээжээ дэлддэг” хэ­мээн ярих хүмүүс цөөн­гүй  байсан.  Харин долоодугаар сарын 1-ний хэргээс болж, шоронд суухдаа яажшуухан зовлон үзсэн нь тухайн үеийн “нүүр хувиргалт”-аас тодорхой харагдаж байсан. Тэр үед түүний царайг харсан хүмүүс  “Одоо дахиад хувьсгал гэж орилохыг нь харъя” гэж байсан ч О.Магнай улаан хувьсгалч зангаа гээгээгүй байж. Одоо тэрбээр  Монголд хувьсгалын тохироо хэ­зээ бүрдэх вэ гэдгийг судлаад л, тандаад л сууж байгаа. Үүнийгээ ч илэрхийлсэн шүү дээ. Тэрбээр “Монголд хувьсгал хийх хэрэгтэй гэдгийг нийгмийн 75 хувь нь хүлээн зөвшөөрсөн. Хувьсгал хийх цаг хэдийнэ ирсэн” гээд л цээжээ дэлдээд байгаа. Тэгэхээр түүнийг улаан биш час улаан хувьсгалч гэх үү дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж