”Викиликс”: Монголын сэтгүүл зүй хөгжөөгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

”Викиликс”: Монголын сэтгүүл зүй хөгжөөгүй

"Викиликс" сайтад Монголын хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслийн нууц ноёдыг нэрлэсэн билээ. Тус сайт 2009 оны судалгаанд үндэслэн энэхүү мэдээллийг гаргасан аж. Харин нийтлэлийн төгсгөлд Минтом гэх нэр байгаа нь АНУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон байж болох тухай таамаг байгаа юм.

"Викиликс"-ийн өөр нэгэн нийтлэлд Монголын хэвлэл, мэдээллийн салбарын ерөнхий дүр зургийг гарган харуулжээ. АНУ-ын дипломат албаны шугамаар 2008 онд дамжсан энэхүү мэдээлэлд дараах зүйлсийг өгүүлсэн байна. "Монголд сонгууль ойртох тусам хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгддэг жишиг энэ удаад ч үйлчилж байна.

Сонин, телевиз, сайтын цаад эзэд нь эрх баригч, шийдвэр гаргах түвшнийхэн байдаг нь Монгол Улсын хууль тогтоомжид дутуу, дулимаг зүйл олон байгааг харуулна. Хуулийн дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигчдийг олон нийтэд дэлгэхээс цааргалдаг. Түүнчлэн төрийн нууцтай холбоотой мэдээллийг нарийвчлан ялгаж өгдөггүйгээс болоод аль нэгэн гол, мөрний гүнийг хүртэл нууцалдаг.

Өөрсдийнх нь эсрэг үүсгэсэн заргын 10 хүрэхгүй хувьд нь сэтгүүлч нар ялж чаджээ. Хэдийгээр "Фрийдом Хаус"-аас Монголыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэж тодорхойлдог ч бодит байдал дээрээ ийм байж чаддаггүй. Сард 250 ам.долларын цалин авдаг залуухан сэтгүүлч нарт амьдралын баталгаа байдаггүй. Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны аравдугаар сард Вашингтонд айлчлах үед түүнийг дагалдан явсан томоохон сонины сэтгүүлч 24 настай эмэгтэй АНУ-д хараар үлдэх шийдвэр гаргасан нь үүний тод жишээ" гэх зэргээр "Викиликс" сайт Монголын сэтгүүл зүйн ядруухан дүр төрхийг дүрсэлсэн байна.

Харамсалтай нь аль гурван жилийн өмнөх энэхүү мэдээллээр өнөөдрийн Монголыг ч тодорхойлж болохоор байгаа юм.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж