“Хунт нуур” балетыг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” балетыг дахин тоглоно

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг энэ сарын 13-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглоно. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тогложээ. Тухайн үед Большой театрын балетмэйстрээр Германаас уригдан ажиллаж байсан Julius Reisinger гэгч анхны “Хунт нуур”-ыг дэглэж байжээ. Өнөөдрийн балетын урлагийн ноён оргил болсон энэхүү бүтээл анхны тоглолтоороо үзэгчдээс тааруухан үнэлгээ авч байсан нь тухайн тоглолтын бүжигчид болон балетмейстртэй холбоотой гэлцдэг. П.И.Чайковскийд өөрт нь ч таалагдаж байгаагүй аж. Зөвхөн үзэгчид төдийгүй хөгжмийн мэргэжилтнүүд болон удирдаач, бүжигчид “Хунт нуур”-ыг ээдрээтэй хүнд, бүжиглэхэд тохиромжгүй хэтэрхий хэцүү гэж шүүмжилж байсан гэдэг. 

1880-аад оны сүүл үед нэрт балетмэйстр Петипа, Иванов хоёр “Хунт нуур”-ыг засварлан тавих хүслээ П.И.Чайковскийд хэлж, хэдэн жил энэ ажилдаа шамдсан байна. Харамсалтай нь, П.И.Чайковский шинэ хувилбар болох өнөөдрийн балетын хаан болсон “Хунт нуур”-аа өөрөө үзэж чадалгүй 1893 онд таалал төгссөн билээ. Ингээд шинэ “Хунт нуур”-ын анхны тоглолт 1895 оны нэгдүгээр сарын 15-нд болж, тэр цагаас эхлэн алдаршиж эхэлсэн байна. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж