Со ба савласан сэтгэлийн өчил

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Со ба савласан сэтгэлийн өчил

ДБЭТ-т “ардын” Д.Жаргалсайхан гуайтай салах ёс гүйцэтгэх ёслол болж байхад түүнээс 100 орчим метрийн зайд байх СТӨ-нд Дээрхий гэгээнтэн Далай багшид мөргөж, лекцийг нь сонсох гэсэн хүмүүс яаран алхсан байдалтайгаар өчигдөр эхэлсэн юм.

Сүсэгтэн олны дунд сэтгүүлч “сахал” Ж.Нэргүй ахтай таарав. Гэгээнтний сургааль сонсохоор эсвэл сурвалжлахаар ирж дээ гэж бодон амар мэндийг нь эрж, хэрэг зоригийг нь асуувал “Далай багштай энд болзсон чинь гарч ирдэггүй” гэж хошигносноо “Өчигдөр Д.Сосорбарамын тоглолт үзсэнгүй юү” гэж яриа өдөв. Үзээгүй гэдгээ хэлтэл тэрбээр толгой сэгсрэн “За ёстой нэг тоглолт гэдэг, уран бүтээлч, дуучин, жүжигчин гэдэг тэр л юм байна. Би Со-г мэднэ л дээ. Монголчууд бүгд л мэднэ. Гэхдээ уран бүтээлчийн хувьд нь магтмаар байна. Тэр урьдынхаас бүр илүү болсон байна. Уран бүтээлээ ухаанаар сийлж хийж байна. Тэр Д.Урианхай гуайн шүлгүүдийг уншиж байгааг нь” хэмээн хэлэх үгээ олж ядаж байлаа. Тэгтэл болзоот хүн нь утасдахад бидний яриа тасрав.

Ажил руугаа ороод иртэл түүний тоглолтыг үзсэн хоёр сэтгүүлч маань бас л амаа урчих шахан магтаж байлаа. Үзэгчдийн сэтгэлийг уудалж гуниг, гутралыг нь үргээж, омогшил бардамналыг нь бадрааж байсан тухай ярив. Яруу найрагч Д.Урианхайн гүн ухааны шүлэг бүтээлүүдийн зэрэгцээ өөрийнх нь бичсэн “Би өөрөө”, “Сэтгэл дэврээд” гэх зэрэг шинэ дуунууд нь гоё аж.

Монголд драмын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан тоглолт хийж байгаа болоод ч тэр үү, тэрбээр драмын жүжигчин бол­сон, ажилласан, дүр бүтээсэн, мөн ажлаасаа халагдсан, хожим Б.Баатар найруулагчийн урилгаар Чингис хааны дүр бүтээсэн зэрэг уран бүтээлийн замналаасаа товч ярихдаа өөрийн багш, ардын жүжигчин Н.Сувдад талархаж явдгаа хэлж байжээ. Мөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хошуучлан оролцсоныхоо төлөө ардын жүжигчин Ж.Чулуун агснаас банга хүртэж байсан, нэг их удалгүй алдарт хөгжмийн зохиолч, удирдаач “Чи зөв юмны төлөө зүтгэж байж” гэж хэлэн уучлалт гуйхдаа нэгэн шүлэгт нь хөгжим бичиж өгсөн түүхийг ч ярьж, үзэгчидтэйгээ хууч хөөрчээ. Манай хоёр тоглолтыг нь өнгөтөөр ярьж, бид үзсэн мэт болж байтал манай нэг сэтгүүлч “Энийг хар даа, та нарын ярьж байгаа Со-г мөн их муулж дээ” гэх нь тэр. Үнэхээр саяхнаас гарах болсон нэгэн сонин дээр ёстой шавайгаа ханатал муулсан байв. Болоогүй ээ, гуравдугаар нүүрэндээ гэж байгаа. Шинэ баян цээж өвчтэй л гэнэ, онгирч цээжээ дэлддэг л гэнэ, өөрийгөө баатар гэж боддог бололтой л гэнэ. Онгиргон, ойворгон, хөөрүү хөвсөргөн залуу нас чинь ард чинь хоцорсон шүү л гэнэ. XXI зууны рыцарь болох гээд яах вэ дээ, хөгөө хөлдөө чирэхийн нэмэр л гэнэ. Нас ахиж намба суух болоогүй юу л гэнэ. За нэг иймэрхүү сургааль айлдаж, гутаах гэж баахан оролджээ.

Ингэлээ гээд Со мэдээж гундахгүй, тоох ч үгүй. Гэхдээ хийж бүтээж, өөрийгөө хурцалж амьдардаг, хүн байхын үлгэр дуурайлыг үзүүлж яваа нэгнээ ад шоо үзэж, илүү харахын оронд түүгээр бахархаж, эн зэрэгцдэггүй юм гэхэд хоцорчихгүйн төлөө амьсгалж яваач гэж сэтгэл гэгэлзсэн энэ өдөр хэлмээр санагдсаныг нууж чадахгүй нь. Сэтгүүлч Ж.Нэргүйн хэлснээр үнэхээр XX зууны сүүлчийн сонгодог дуучин алсад одож, энэ цагийн дүрээ гаргаж чаддаг, илэрхийлж хувирч чаддаг, бүхий л шид нь бүрдсэн ганц жүжигчин заримаар нь магтуулж, заримаар нь муулуулав.

Юм юм давхцаж, сэтгэл савласан энэ өдөр хүмүүс ээ, бидний цөөхөн монголчууд аа, амьддаа бие биеэ хайрлая гэж хэлмээр санагдсан юм.

Р.Оюунаа

"Өдрийн шуудан" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж