“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” форум болж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” форум болж байна

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо/НАМЭХ/-ноос сум, хорооны салбар нэгжийн дарга нар болон аймаг, дүүрэг, нийслэлийн дарга, тэргүүлэгчид оролцсон “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Форумын нээлтэд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар үг хэлж, амжилт хүслээ. Мөн форумд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” сэдвийн дор илтгэл тавьсан юм.

Монгол Улсын ДНБ-ний гуравны нэгийг бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбар хөл дээрээ зогсоогүйн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр хөгжөөгүй нь хөдөөнөөс хотыг зорих их нүүдлийн цувааг  тасралтгүй үргэлжлүүлэх гол шалтгаан болж байгаа аж. Түүнийг дагаад хөдөөх нутгууд эзэнгүйрч, хөгжлөөс хоцорч буй юм байна. Үр нөлөөнд нь хөдөөд эмэгтэйчүүд гол ажиллах хүчин болж үлджээ. Гэвч тэд гол төлөв хөлсгүй хөдөлмөр эрхлэх болжээ. Цалингүй хөдөлмөрт хөдөөгийн эмэгтэйчүүд хотынхноос 2-3 дахин их цагийг зарцуулж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Хөлсгүй хөдөлмөрийг халахын тулд хөдөөд өрхийн аж ахуй эрхлэх боломжийг олгох. Үүний тулд Эмэгтэйчүүдийн банк байгуулж түүнээс хөдөөгийн эмэгтэйчүүдэд барьцаагүй зээл олгож, өрх гэрийн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь тусламж үзүүлэх боломж байгааг энэхүү илтгэлийнхээ үеэр онцоллоо.

Хөдөөд тулгамдсан асуудлын нэг нь гэр бүлийн тогтвортой байдал аж. Хүүхэддээ чанартай боловсрол олгохын тулд хөдөөгийн гэр бүлүүд хоёр тасарч амьдрах болсон байна. Гэргий нар нь аймгийн төвд хүүхэдтэйгээ амьдардаг бол эр нөхөр нь малаа хариулж хөдөөд хоцордог. Улмаар энэ нь гэр бүл салах үндсэн шалтгаан болж буй гэнэ. Тиймээс төрийн зүгээс хөдөөгийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд анхаарах цаг болсныг онцоллоо. Энэ удаагийн форумд эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1000 эмэгтэй оролцож байгаа юм. Тэд өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудаас гарах гарцыг хэлэлцэж, улмаар санал бодлоо шийдвэр гаргагчдад хүргэж, ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахад энэ удаагийн форумын зорилго оршиж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж