Сильвиогийн араас “супер Марио” юу?

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Сильвиогийн араас “супер Марио” юу?

­Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Италийн парламент Европын эдийн засагт гуравдугаар байранд явж байгаа тус орны эдийн засгийг хямралаас аврах төлөвлөгөөг дэмжсэнээр  өнөөг хүртэл 17 жил Засгийн газрыг толгойлж ирсэн Сильвио Берлускониг  огцроход хүргэсэн байна. Сүүлийн сард гэхэд л Италийн эдийн засгийн хямрал Грекийн нөхцөл байдлаас ч муудах шинжтэй болж ирсэн нь Европыг төдийгүй дэлхий нийтийг цочроож байсан юм. Тус улсын зээлийн хүү болон тэдгээрийн эргэн төлөгдөх үнэ ханш улам бүр нэмэгдсээр ирсэн нь Италийг Грекийн адил болоход хүргэнэ гэж таамаглаж байв. Хэрэв ийм хямрал тохиовол Грекээс ч илүү аюул заналыг дэлхийн эдийн засагт учруулах байсан тул нэг хэсэг бараг Грекийн хямрал ч мартагдахад хүрч байжээ.

Харин Италийн парламентаас хямралыг гэтлэх төлөвлөгөөг батлан одоогийн Засгийн газрын тэргүүнийг өөрчилж шинэ бодлого явуулах болсноор хямралыг гэтлэх арга замыг хайж эхлэв бололтой. Италийн парламентийн баталсан төлөвлөгөөгөөр бол тус улсын төсвийн зарлагыг бараг 60 тэрбум еврогоор бууруулахаар болж байгаа аж. Ингэж хэмнэлт гаргаснаар Италийн улсын төсөв 2014 он гэхэд тэнцэл сайтай байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Парламентаар дэмжигдсэн төслөөр бол 2014 он хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар болж байгаа юм. Үүний зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг эмэгтэйчүүдийн хувьд мөн сунгахаар болж байгаа аж. Ялангуяа хувийн хэвшилд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг хожуу болгож өөрчлөх юм байна. (Тэтгэврийн насыг ийнхүү сунгах асуудал өмнө нь Баруун Европын орны иргэдийн дургүйцлийг маш ихээр хүргэж олон мянган хүний жагсаал цуглаан гарахад хүргэж байсан билээ.) Итали эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 65 болгон эрэгтэйчүүдтэй ижил болгох шийдвэрийг ч гаргасан байна.

Италийн парламентийн баталсан эдийн засгийн арга хэмжээний дагуу татвар төлөхөөс зайлсхийх үзэгдэлтэй хатуу тэмцэн, ноогдуулах ял шийтгэлийг нь улам чангаруулах болсон байна. Мөн бэлэн мөнгөний хэлбэрээр шилжүүлэг хийх дээд хязгаарыг ердөө л 2500 евро байхаар тогтоожээ.Мөн төсвийн боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний салбарт тусгай нэмэлт татвар бий болгохоор болж байгаа аж.

Ойрын өдрүүдэд Европын Хоблооноос тусгай комисс Италид ирэх бөгөөд Италийн засгийн газар өөрийн төсвийн өрийн хямралтай хэрхэн тэмцэж байгаад нь хяналт тавихаар болсон байна. Италийн төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд жил бүр ДНБ-ий 120 хувьтай нь тэнцсээр ирсэн байгаа юм. Мөн Италийн эдийн засгийн өсөлт сүүлийн 15 жилийн турш дунджаар 0.75 хувийн үзүүлэлттэй байсан ажээ.

“Чао” зангиагүй харилцаа

Италийн засгийн газрыг хоорондоо завсартайгаар нийт 17 жил толгойлж ирсэн тус улсын томоохон бизнесмэн, хэвлэлийн магнат Сильвио Берлусконид Италийн парламент дахь төлөөлөгчид итгэл үзүүлэхгүй гэсэн шийд өгснөөр түүний дуу шуугиантай “ерөнхий сайд”-ын амьдрал дуусч байгаа ажээ.

Түүний Европын болон дэлхийн улстөрийн тавцан дээрхи амьдрал дууссанаар нийт бөмбөрцгийн улстөрийн лидерүүдийн харилцаанд өөр өнгө аяс орж ирнэ гэж яригдах болсон байна. Сильвио Берлускони энэ халуухан “гал тогоонд” байхдаа нэг маягийн өвөрмөц олон улсын харилцааг бий болгосон гэж ажиглагчид үздэг байжээ. Энэ бол “зангиагүй харилцаа”-ны ахисан төвшин буюу томоохон улс орнуудын тэргүүн нарын дунд бий болсон найрсгаас илүү дотно, хувийн итгэлцэл дээр тулгуурласан харилцаа холбоог хэлж байгаа аж.

Дэлхийн  I-р дайнаас өмнө дэлхийн тэр дундаа Европын улс орнуудын хоорондхи гол харилцаа нь улс орнуудын эзэд хаадын гэр бүлийн хоорондох харилцаагаар тодорхойлогддог байсан аж. Тэдгээр хаадууд гэр бүлийн хүрээндээ уулзалт,захидал харилцаа зэргээр олон улсын харилцааны ээдрээтэй асуудлыг шийддэг байсны дээр харилцан ураг төрлийн холбоо үүсгэх зэрэг хувийн шинж чанартай алхмуудыг ашиглан шийдвэр гаргах нь цөөнгүй байсан гэдэг.

Харин ХХ зууны олон улсын харилцаа эхнээсээ л хүйтэн хөндий, жинхэнэ дипломат ёсны хатуу дэг жаягаар эхэлж байсан ч 1980-аад оноос хойш мөн л санаанд оромгүй “нялуун” хэв шинжүүд гарч ирсэн гэнэ. Магадгүй ийм харилцаа үүсэх эх суурийг нь Зөвлөлтийн удирдагч нар тавьсан ч гэх хүмүүс байна. Брежневийн барьж авч үнсэхээс эхэлсэн гэх энэ дотно хэлбэрийг хожим нь Борис Ельцин ч муугүй үргэлжлүүлсэн бололтой. Тэрээр Японы ерөнхий сайдыг хамт халуун ууранд орохыг санал болгосноор “зангиагүй харилцааг” “өмдгүй харилцаа” болгох шахсан гэдэг. Мөн хожмын Оросын удирдлагууд ч энэ уламжлалыг хадгалж, Путин л гэхэд Английн ерөнхий сайд асан Тони Блейрийг дагуулан  шар айрагны газар очиж цангаагаа тайлж байсан гээд нэлээд үргэлжилсэн байдаг.

Тэгвэл яг ийм харилцааг төгс барьдаг нэгэн лидер нь Силвио Берлускони байсан ажээ. Ирэх оноос Оросын эрх мэдлийг гартаа авна гэж байгаа В.Путинтай ялангуяа бүр ч дотно байж. Тэдний охидууд 2002 онд Италийн ерөнхий сайдын далайн эрэг дэх эдлэнд хамтдаа амарч байсан зэрэг нь ердөө л ялихгүй зүйлс байсан гэнэ. Хэвлэлийнхний шуугиж байгаагаар бол Берлускони үүнээс ч илүү ихийг найз нарынхаа төлөө хийж байжээ.

Гэвч ард түмнийхээ төлөө тийм ихийг хийгээгүй хэмээн өнөөдөр түүнийг ерөнхи й сайдын суудлаас нь буулгалаа. Эндээс авах сургамж нь удирдагч нар хэчнээн найр тавьж сайн харилцаатай байгаад улс орных нь амьдралд тэр бүр амжилт, ололт авчирдаггүй гэдэг гашуун үнэн байсан гэж ажиглагчид бичиж байгаа аж. Өнөөгийн амар биш цагт найр цэнгээн, найзан дундаа байхаас илүү бүтээлч бөгөөд шударга харилцааг улс орнууд удирдагч нараасаа шаардах болж байгаа юм гэж улстөрийн ажиглагч нар дүгнэж байгаа гэнэ.

Ямартай ч ийм харилцааг бий болгож, Италийн санхүүгийн чамлахааргүй том машиныг дахин “асааж”, өмнөхөөс нь илүү амжилтад хүргэхийг шаардсаны дагуу Италийн төрийн эрх баригчид халаа сэлгээ хийж амжив. Берлусконигийн хийж чадаагүйг бүтээлгэхээр Европын Холбооны комиссар асан Марио Монти хэмээх эрхмийг Италийн ерөнхий сайдаар томилж магадгүй байгаа ажээ. Энэ нь нэг талаас бүс нутагтаа бий болчихоод байгаа санхүүгийн хямралыг зогсооход гол үүрэг гүйцэтгэж байгаа Европын Холбоо өөрийн шууд нөлөөг байлгах гэсэн зохицуулалт гэж үзэж болох юм.

Нөгөө талаар өнөөгийн хямралт байдлаас гарахад хамгаас илүү их туслах зүйл бол хүйтэн тооцоо, хатуу сахилга хэмээн үзэж буй Европын Холбоо болон бусад олон улсын байгуулагуудын баримталж буй хүнд суртлын бодлого ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан Италийн шинэ засгийн газар хүйтэн цустай, хатуу тооцоотой сонгодог маягийн хүнд суртлын тогтолцоо болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Хоёр зүйл л одоогоор тодорхойгүй байна. Мэдээж эхнийх нь Итали улс Грекийн араас орох аюулаас аврагдаж шинэ ерөнхий сайд нь “супер Марио” болж чадах уу гэсэн асуулт. Найдлага тийм ч их биш гэж олонхи шинжээчид үзэж байгаа гэнэ. Харин хоёрдахь нь олон жил Берлускониг дагаж дэвэргэн амьдралаар амьдарсан италичууд хүйтэн төрхтэй хатуу засглалыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуудал юм. Үүнд харин ямар ч шинжээч бүрэн итгэлтэй таамглал гаргаж чадахгүй байгаа ажээ.

 М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж