Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Иран АНУ-аас айхгүй

Иран улс уран баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруу­лав. Тус улс өөрөө удирд­лагатай, дөрвөн пуужин тээ­вэрлэгч, бөмбөгдөгч он­­гоц бүтээснээ ийнхүү сүр дуу­­лиантай зарлалаа. Ира­ны Ерөн­хий­лөгч Махмуд Ахмединижад “Ма­най улс руу дайралт хийсэн хэн бүхэнд хариуг нь хэд дахин нугалж өгөх болно” гэв. Түүнд цэрэг, зэвсэг, үйлдвэр, харийнхны эсрэг тэмцэх зориг аль, аль нь байна. Одоо зөвхөн цөмийн зэвсэг байхад л хангалттай болжээ. Гэхдээ саяхан Ираныг зорьсон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид М.Ах­мединижадыг атомын бөм­бөг үйлдвэрлэж байгааг бараг л нотолсон. Бараг гэхийн учир нь шинжээчдийн баг нүдээр хараагүй боловч цөмийн зэвсэг үйлдвэрлэх бүхий л бололцоогоо хангачихаад байгаа нь баталжээ. Үүнтэй зэрэгцээд АНУ, Европын орнууд Ираны эрсэг хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг сануулах боллоо. Европын холбооны Засгийн газар Ираны эсрэг хориг арга хэмжээ авах саналтай байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Брюссельд ирэх сарын 1-нд Европын холбооны ор­нуудын Гадаад хэргийн сайд нар уулзана. Энэ үеэр Ираны эсрэг авах хориг арга хэмжээний тухай анхан шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, тухайлбал ОХУ, Хятадын тал үүнийг дэмжихгүй байна. Оро­сын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Аливаа зэвсэгт тэмцлээс илүү хэлэлцээрийн ширээний ард суух нь оновчтой” хэмээн мэдэгджээ. Кремлийн удирдагчид Ираныг цө­мийн хөтөлбөртэй холбоотой хэ­лэлцээр хийхэд бэлэн байгааг дахин дахин сануулж байна. Хэрэв НҮБ Ираны эсрэг хориг арга хэмжээ авбал хэлэлцээр хийх боломжийг нь бүрмөсөн үгүй хийнэ гэсэн дүг­нэлтийг ч өгчээ. Иранд Оросын хөрөнгө оруулалтаар баригдсан ато­мын цахилгаан станц хүртэл бий. Оросоос гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон Хятад ч бас АНУ, Европын саналыг дэмжихгүй байгаа юм. Тус улсын Гадаад хэргийн яамнаас “Эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь асуудлыг шийдвэрлэх гарц биш” хэмээн мэдэгджээ. Ер нь цөмийн зэвсэгтэй холбоотой асууд­лаар ОХУ, Хятад хоёр нэг талд зогсож, АНУ-аас гаргасан аливаа шийд­вэрийг эсэргүүцсээр ирсэн би­лээ. Тухайлбал, Иранаас гадна Хойд Солонгос цөмийн зэвсэглэлээр хөө­цөлдөхөөс татгалзахгүй хэвээр бай­гаа нь Хятад, ОХУ-тай холбоотой юм.

Гэхдээ одоогийн байдлаар АНУ, Европын орнууд Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа нэгэнт мэдэгдчихээд байна. Францын Гадаад хэргийн сайд Алайн Жюпп “Энэ асуудлыг ингээд орхиж болохгүй” хэмээн хариу мэдэгдэл гаргажээ. Германы Гадаад хэргийн сайд Гуйдо Вэстэрвэлле “Хэрэв Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой хэ­лэлцээрээс татгалзвал тус улсын эсрэг маш хатуу хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ энэ нь цэргийн ажиллагааг эхэлнэ гэсэн үг биш” гэсэн байна.

Өмнө нь 2006-2010 он хүртэл мөн ийм хориг арга хэмжээ авч байв. Харин тухайн үед Оросын тал энэ асуудлыг дэмжиж байжээ. АНУ, Европыг шордож байгаа орон бол яах аргагүй Израйль. Түүнчлэн Саудын Араб ч нөлөөлөхийг хичээж байгаа. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху “Энэ бол Израйлийн халдашгүй байдалд за­налхийлсэн явдал” хэмээн дүгнэж, цэргүүдээ бэлэн байдалд оруулжээ. Харин Саудын Арабын тухайд одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.

Ойрхи Дорнод, хойд Африкийн орнуудад болсон үймээнийг АНУ турхирсан гэх таамаг байдаг. Гэхдээ Арабын хавар Иранаас холуур өнгөрсөн. Египет, Тунис, Ливи, цаашилбал, бүр Саудын Арабт хүртэл эрх баригчдаа эсэргүүцсэн иргэдийн бослого хөдөлгөөн гарсан. Харин Иранд юу ч болоогүй. Гэхдээ Ойрхи Дорнодын орнууд дундаас Ираны гол хамтрагч болох Сирит үймээн гарсан. Хэдийгээр арай ч М.Каддафигийн араас “явчихаагүй” боловч Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад босогчдод бууж өгч, сөрөг хүчнийхэнтэйгээ эвлэрэхээр царайчлах болсон юм. Ираны асуудалд эргэж оръё. Тэд дотооддоо аливаа задралд автахгүй, хүчирхэг байдлаа хадгалсаар бай­на. Харин Ираныг бүс нутагт нь ганцаардуулах гэсэн оролдлогыг Саудын Араб дэмжсээр ирсэн юм. Тиймээс Сирийн үймээнийг Сау­дын Араб санхүүжүүлсэн гэх таамаг ч бий. Өөрөөр хэлбэл, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хүйтэн дайн Саудын Араб, Ираны хооронд үргэлжилсээр ирсэн юм. Өнгөрсөн жил АНУ-д суугаа Арабын Эмират болон Саудын Арабын Элчин сай­дууд америкчуудын Ираны эс­рэг хийж буй ажлыг дэмжиж, хатгасаар байгааг харуулсан баримт олон нийтэд дэлгэгдсэн билээ. Иран цө­мийн зэвсэгтэй болбол бүс нутгийн нөлөөлөл нь улам идэвхжиж, газрын тос тэргүүтэй түүхий эдээр баялаг Ойрхи Дорнодын бүс нутгийг АНУ бүрэн утгаар нь алдах юм. Түүнчлэн сүүлийн үед АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлж магадгүй гэх мэдээлэл ч гарсан. Гэхдээ энэ нь Ираны цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлыг зогсоохын тулд хийж буй сүрдүүлэг төдий алхам хэмээн шинжээчид дүгнэж байна. Учир нь Иран бол цэргийн салбар нь өндөр хөгжсөн орон. Тус улс 1992 оноос эхлэн орчин үеийн зэвсэг, техник, танк зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Ар­мийн байнгын албан хаагчдын тоо нь 545 мянга ба 12.6 сая энгийн гишүүн бүртгүүлээд байгаа аж. Цэргийн албан хаагчдын тоогоор хоёр Солонгос, Пакистаны араас жагссан Иран улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэлээд хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулдаг аж.

Ямартай ч АНУ, Европ сандарч байх зуур Иран батлан хамгаалах салбараа улам бэхжүүлж, цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд бараг бэлэн болчихлоо. АНУ, Европ өмнөхөөсөө ч илүү сандарч эхлэв. Харин Ира­ныг АНУ-ын эсрэг ашиглах зэвсэг болгосон ОХУ, Хятадын тал харь­цангуй тайван байхыг уриалж байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж