Дахин санал тавих нь Сонгуулийн хуульд халтай гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Дахин санал тавих нь Сонгуулийн хуульд халтай гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэгт тавьсан саналаа хэлэлцээд, дахин шинээр санал тавихгүй байх тохиролцоонд хүрчээ. Дахин шинээр асуудал тавих нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг шинээр батлан гаргахад саад учруулж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Ер нь нөхцөл байдлыг авч үзсэн ч 26 тойрогтой 48 мандаттай тойргийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэнэ. Дээрх тогтолцоогоор Улаанбаатар хот дахь мандатын тоог 14-т хүргээд байгаа. Хэдийгээр Улаанбаатар хотын мандатын тоо чамлалттай, нэмэгдүүлэх шаардлага байгаа ч дахин 16, 18-д хүргэе гэхээр аймгуудын мандатыг хэт цөөлөх болж, тэр хэрээр Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахад цаг хугацаа алдах, хоёр тал дахин санал нийлэхгүй байдалд хүрэх зэрэг олон асуудал үүсэх дүр зураг харагдаж буй тул одоогийнхоо зөвшилцлийг хадгалах ёстой гэж үзжээ. Хэрэв Улаанбаатар хотын мандатын тоог нэмэгдүүлнэ гэвэл дөрвөн мандат хуваарилагддаг байсан аймгууд нэг мандаттай болж магалгүй гэнэ. Энэ нь эргээд хүн ам, нутаг дэвсгэрийн байдлыг харгалзан мандатын тоог хуваарилна гэх зарчим алдагдахад хүрнэ. Тиймээс 26 тойрог дээрээ аль аймагт, нийслэлийн аль дүүрэгт хэчнээн мандат хуваарилагдах болж байна вэ гэдэг дээр хоёр намын бүлэг нэг ойлголттой болох ёстой гэж үзжээ. Нөгөө талаас УИХ-д төлөөлөлгүй намын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Алтайгаар Сонгуулийн хуульд санал тусгуулахаар төсөл мэдүүлсэн. Түүнээс боломжтой хэсгүүдийг нь хуульд тусгуулах талд Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг санаачилгатай ажиллах ёстой гэсэн шийдвэр дээрх хуралдаанаас гарчээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, түүнийг дагаж гарсан хуулиуд, мөн Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах бодлого аж. Ингэхдээ 2012 оны нэгдсэн төсөв нь мөнгөний бодлогоо, мөнгөний бодлого нь төсвөө дэмжих ёстой гэж үзээд, хоёр ажлын хэсэг хоёр тийшээ харсан байгаа төсвүүдийг нэг нэгэнтэй нь уясан байдлаар гаргах үүрэг хүлээжээ. Нэг ёсны хоёр ажлын хэсэг саналаа нэгтгэн оруулж ирсний дараа бүлэг дахин авч хэлэлцэхээр болсон юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж