”Ямар азаар би А.Меркель, Н.Саркози биш юм бэ”

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

”Ямар азаар би А.Меркель, Н.Саркози биш юм бэ”

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев АПЕК-ийн уулзалтад оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Та Б.Обаматай тусгай­лан уул­захдаа юун тухай ярилцсан бэ?

-Бид юун тухай ярьсныг бүгдийг нь яримааргүй байна. Сүүлийн жи­лүүдэд бидний ха­рил­цаа улам сай­жирч байгаа. Сая­хан болсон уул­залтын үеэр бүс нутгийн эдийн зас­гийн тухай, ОХУ Дэлхийн ху­­дал­­дааны байгууллагад эл­сэх эсэх талаар   ярилцсан. Бид­ний хүсэлтийг дэмжиж бай­­гаа анхны Америкийн  Ерөн­хийлөгч болсонд Б.Оба­мад та­лархах ёстой. Иймэр­хүү дэмжлэгийг өмнө нь авч байсансан бол ОХУ аль хэ­дийнэ Дэлхийн ху­далдааны бай­гууллагад нэгдчихсэн байх бай­сан юм. 

-ОХУ Дэлхийн худал­дааны бай­гууллагад элсэх явц одоо юу болж байна вэ. Энэ бай­гууллагад элс­сэний дараа Хятадын эдийн засгийн шинэ эрин үе эхэл­­сэн. Оросыг бас тийм ирээдүй  хүлээж байна уу?

-Бид Дэлхийн худалдааны бай­гууллагад элсэхийн тулд маш удаан бэлдсэн. Хэдийгээр манай улсын бодлого өөрч­лөгдөөгүй боловч бид энэ асуудал удахгүй цэгцэрнэ гэ­дэгт итгэж байна. ОХУ-ын хувьд олон улсын худалдаанд өргөнөөр оролцож, Дэл­хийн худалдааны байгууллагын хүрээнд олон оронтой харилцах болно. Түүнчлэн Оросын компаниудын өрсөлдөх чадвар сай­жирна.

-Оросын эдийн засгийг түүхий эдээс хэтэрхий хамааралтай гэх шүүмжлэл гардаг. Харин таны бодлоор Орос улс энэ байдлаа халж, эдийн засгаа шинэчилж чадах уу?

-Шударгаар хэлэхэд, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн тулд Орос улс юун түрүүнд эдийн засгийн олон салбараа хөгжүүлэх шаардлагатай болсон. Бид түүхий эдээр баян хүмүүс. Энэ нь Орос орон хөгжих нэг үндэс болсон учраас бид энэ салбараа орхигдуулж болохгүй. Нөгөө талаас Орос улс ганцхан салбараас хэтэрхий хараат байж хэрхэвч таарахгүй. Харин Дэлхийн худалдааны байгууллагад элссэний ачаар бид үүнийг шийдвэрлэж чадна. Ерөнхийдөө бол манай улс түүхий эд, ашигт малтмалын салбараасаа татгалзахгүйгээр бусад сектороо хөгжүүлэхийг хичээж байна.

-Гадны компаниуд Оросын биз­несийн салбарт нэвтэрч орох нь тийм ч хялбар биш байдаг. Үүнд хууль, эрх зүйн орчин ч нөлөөлдөг. Энэ байдал өөрчлөгдөх үү?

-Ийм шүүмжлэл байдаг. Үүн дээр нэмж хэлэхэд гадны компаниуд тэр бүр манай хуулийг дагаж мөрдөөд байдаггүй. Тэд сайн судлаагүйгээсээ болоод олон хэрэгт орооцолддог. Ер нь энэ бол бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал мөн. Зөвхөн хууль зөрчиж байгаа хэн нэгний тухай ярихаас гадна хөгжингүй орны жишигтэй таардаггүй хууль ч бас бий. Түүнчлэн хэн нэгний эрх ашгийг хамгаалсан хууль ч байдаг.  Бид энэ бүхнийг өөрчилж, хуулийн салбарыг шинэч­лэхээр ажиллаж байгаа.

-Ази, Номхон далайн орнууд чөлөөт худалдааны бүс байгуулах санал гаргасан. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Юу болохыг харж л байя.

-Ирэх жил болох Ази, Ном­хон далайн орнуудын эдийн зас­гийн форумыг танай улс зохион бай­гуулахаар болсон. Гэтэл танай улсын хувьд Азиас илүү Европын ор­нуудтай худалдаа хийсээр ирсэн. Гэхдээ Европ хямарчихлаа. Тий­мээс одоо Азийн зах зээл рүү түлхүү анхаарлаа хандуулах уу?

-Бид бүх оронтой харилцахыг эрмэлзэж байна. Орос бол Ази, Европ хоёр тивийн аль, алинд нь багтдаг орон. Хэдийгээр Европын зах зээл, Евро бүсийн эдийн засаг хямарч байгаа боловч үүнийг тогт­воржуулахын тулд бүх хүчээ дайч­лах ёстой. Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр яригдсан гол сэдэв бол энэ. Дэлхий даяараа энэ тухай ярьж байна. Гэхдээ Европын хямралыг намжаах учраа одоо болтол олоогүй. ОХУ-ын хувьд Европын хол­бооны орнуудтай 250 тэрбум ам.дол­ларын худалдаа хийсэн. Мэдээж хэрэг, Хятад, Энэтхэгийн том зах зээл Азид байгаа гэдгийг мартаж болохгүй. Манай улсын АНУ-тай хийсэн худалдааны эргэлт 30 тэрбум ам.дол­ларт хүр­сэн. Энэ тоо урьд өм­нөхтэйгөө харьцуулахад нэлээд өс­сөн. Энэ бүхнээс бид аль ч тивийн оронтой худалдаагаа өргөжүүлэхийг зорьж байгааг харж болно. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг ирэх онд Владивосток хотод зохион байгуулахаар болсон нь ОХУ-ын хувьд Азийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх боломж болох юм. Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх нь бас л чухал.

-Түүхий эдийн баялаг нөөцтэй Сибирийн бүс нутгийн зарим хот Хятадтай хил залгаа оршдог. Гэхдээ өдийг хүртэлх хугацаанд тэдгээр хотын эдийн засгийн байдал бүрэн сайжраагүй. Азитай, тэр дундаа хурдацтай өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Хятадтай худалдаагаа өргөжүүлэхийн тулд юу хийх вэ?

-Хамгийн энгийнээр бол хүн бүр ажиллахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгж чадвал хөрөнгө оруулалтын урсгал аяндаа нэмэгдэнэ. Нөгөө талаас аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ бол бидний зорилго.

-ОХУ Хятадтай хамтран хийн хоолой байгуулж, тус улсын зах зээл рүү эрчим хүч нийлүүлэхээр зэхэж байгаа. Оросын хувьд нийт шатахууныхаа ердөө хоёр хувийг л Хятад руу  гаргадаг гэх судалгаа бий. Энэ тоо хэтэрхий бага юм биш үү?

-Би тэр хоёр хувийн талаар юу ч мэдэхгүй. Надад тийм статистикийн баримт байхгүй. Гэхдээ Хятадын эрчим хүчний хэрэглээ улам бүр нэмэгдэж байгааг мэднэ. Тийм учраас бид Хятадын талтай хамт­рахыг зорьж байна. Тус улс руу хий дамжуулах хоолой байгуулахын тулд баруун, зүүн талаар холбогдох хоёр төсөл хэрэгжүүлэхээр тө­лөвлөж байгаа. Одоогийн байдлаар зөвхөн урьдчилгаа нөхцөлүүдийг нь тохиролцсон. Хятад бол ба­руун Европын орнуудтай харь­цуу­лахуйц том зах зээл.

-Япон, Оросын Засгийн газрын хооронд Курилийн арлуудтай хол­­боотой маргаан одоо хүртэл үр­гэлжилсээр. Энэхүү хурцадмал байдлыг намжаахгүй байгаа уч­раас Сибирь дэх Японы хөрөнгө оруулалт гацаж байна гэж шин­жээчид дүгнэдэг. Энэ үнэн үү?

-Манай улс Японы хөрөнгө оруулагчдыг таатайгаар хүлээн авна. Би АПЕК-ын хурлын үеэр Японы Ерөнхий сайд Ёшихико Нодатай уулзсан. Бид хөрөнгө оруулалтын тухай ярилцаж, бүх зүйл хэвийн байгаа гэдгийг мэдэж авсан. Курилийн арлын талаарх маргаан хоёр орны харилцааг түвэгтэй болгодгийг би хүлээн зөвшөөрнө. Манай талын байр суурь тодорхой байдаг, бас өөрчлөгддөггүй. Курилийн ар­лын тухай маргаан дэлхийн хоёрдугаар дай­ны үлдээсэн хор уршгийн нэг нь гэж тодорхойлж ч болно. Гэхдээ Курилийн арлууд бол манай улсын газар нутаг, манай өмч. Тийм учраас Оросын эрх баригчид тэнд чөлөөтэй очиж зугаалдаг. Гэхдээ бид үүнээс болж Японы хөрөнгө оруулалтыг боомилохыг хүсэхгүй байна. Тэгээд ч Японы шинжээчид Курилийн арал дээр очиж, судалгаа хийхийг дэмжсээр ирсэн. Миний бодлоор эдийн засаг нэгдүгээрт, улс төр хоёрдугаарт байдаг. Учир нь эдийн засаг бидний амьдралыг тодорхойлдог бол улс төр заримдаа худал хуурмагаар дүүрэн болчихдог шүү дээ.

-Та Оросын эдийн засгийг баруун, зүүн аль, аль тал руу нь хөгжүүлэхийг хүсч байгаагаа хэл­лээ. Тэгвэл Москвагаас гадна Оросын зүүн бүс нутгийн эдийн засгийн төвлөрлийг бий болгох өөр нэгэн газрыг байгуулах уу. Тухайлбал, Владивосток ч юм уу?

-Магадгүй би энэ ажлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хийж амжихгүй байх. Алс Дорнод, Си­бирийн бүс нутаг маш их нөөц, бололцоог өөртөө агуулдаг. Аль эрт үеэс л Оросын эдийн засаг хүчирхэг болоход Сибирь хамгийн их нөлөөлсөн. Энэ утгаараа тэндэхийн иргэдийн амьдралын баталгаа сайн байдаг. Москвагийнхнаас ял­гаг­дах юм ер байхгүй. Гэхдээ дэд бүтцээ хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах нь чухал хэвээр байна. Би саяхан Хабаровскт очсон. Тэр бол маш хөгжингүй хот. Тэнд очсон хүн бүр миний хэлж байгааг сайн ойлгоно. Алс Дорнодын бүс нутагт байрладаг хэрнээ Европын уламжлалт соёлыг хадгалж үлдсэн хот учраас бид тэнд ОХУ, Европын холбооны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Европчууд хүртэл Хабаровскийг гайхан биширсэн шүү.

-Европын хямрал намжих болов уу?

-Миний нэр Д.Медведев гэдгийг би танд сануулъя. Би А.Меркель, Н.Саркози хоёрын аль нь ч биш. Магадгүй тэд таны энэ асуултад надаас илүү хариулах байх. Нөгөө талаас би А.Меркель, Н.Саркози биш байгаад бурхандаа талархаж байна. Тэд одоо маш түвэгтэй нөхцөл байдалд орсон учраас би ингэж хэлж байна. Европын хямрал улам хүндэрсэн. Хэрэв евро гэх мөнгөн тэмдэгт гарч ирээгүй бол 2008 оны санхүүгийн хямрал дэлхийн эдийн засагт бүр илүү муугаар нөлөөлөх байсан юм шиг санагддаг. Ам.доллаын нөлөө буурахын хэ­рээр түүнийг түр хугацаанд ч болов орлох өөр нэг валют зайлшгүй хэрэгтэй болдог учраас тэр. Тэгэхээр дэлхийн валютын нөөцийн тодорхой хэсгийг евро эзэлж байгаа нь үр ашгаа өгсөөр байгаа. Европын холбооны гишүүн орнууд хямралаас гарахын тулд хамтдаа тэмцэх ёстой. Евро бүс задрах үгүй нь үүнээс хамаарна. ОХУ-ын гадаад валютын нөөцийн бараг тал хувь нь евро. Тиймээс бид еврог цаашид оршин тогтносон хэвээр байгаасай гэж хүсч байна. Хятадын хувьд ч мөн адил байр суурьтай байгаа.

Т.Элиса

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж