“Хариуцлага алдахыг өөгшүүлсэн төсөл орж ирлээ”

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

“Хариуцлага алдахыг өөгшүүлсэн төсөл орж ирлээ”

УИХ-аар хэлэлцэж буй Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төсвийн гүйцэтгэлийн хариуцлагыг сулруулах төсөл болжээ гэж гишүүд хэлж байна. Энэ талаар тус байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Төсвийн гүйцэтгэл тааруу, төсвийн сахилга алдагдаж байна гэж гишүүд шүүмжлэх боллоо. Бас Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ байдлыг улам даамжруулах төсөл болсон гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Түүнд төсвийн гүйцэтгэлийг дараагийн бүтэн жилдээ багтаагаад хэлэлцэнэ гэсэн заалт ороод явж байгаа. Гэтэл төсвийн гүйцэтгэлийг дараа оны эхний хагаст багтааж хэлэлцэхгүй бол зөрчил гаргасан этгээд дахиад дараагийн жилийн төсвийг сүйтгэх нөхцөл байдал үүсэхээр харагдаж байна. Өмнөх хуулиар бол төсвийн хариуцлага алдсан этгээдэд шууд хариуцлага хүлээлгээд явдаг байсан. Шинэ хуулийн төслөөр бол дахин хариуцлага алдахыг нь өөгшүүлэх тийм хуулийн орчин орж ирсэн. Өнөөдөр 2000 онтой харьцуулбал төсөв 16 дахин, хөрөнгө оруулалт 40 дахин өсчихсөн байна. Тэгвэл сахилга хариуцлага хэд дахин сайжрах ёстой байтал сулруулах гээд байгаа асуудал харагдаж байна. Ер нь Төрийн аудитын байгууллага үүнд үе шаттай хяналт тавиад явах бололцоотой юм. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд сайдын ажлыг давхар хашдаг болсон. Хяналт тавих байгууллага гүйцэтгэх засаглалтайгаа нийлчихсэн учраас хариуцлага, хяналтын тогтолцоо сулраад байна. Байдал ийм байхад төсвийн гүйцэтгэлийг дараагийн бүтэн жилдээ багтаагаад хэлэлцэнэ гэсэн байдлаар хуульд оруулах ёсгүй гэж үзэж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж