Тариаланчид ирэх сарын 10-даас урамшууллаа авна

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Тариаланчид ирэх сарын 10-даас урамшууллаа авна

Энэ жил монголчууд урьд өмнө байгаагүй их ургац хурааж авсан хэдий ч түүнийгээ хаана, хэрхэн хадгалах, борлуулах талаар багагүй асуудалтай тулгарсан. Тариаланчдаа дэмжих үүднээс гаалиар орж ирж буй улаан буудайн татварыг 40 хувьд хүргэх талаар УИХ-аар хэлэлцэж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь ч бий.

Монгол Улс энэ онд манай улс 448,1 мянган тонн үр тариа, үүнээс 437,9 мянган тонн буудай, 199,2 мянган тонн төмс, 105,2 мянган тонн ногоо, 4,5 мянган тонн арвай, 4,3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4,5 мянган тонн тосны ургамал,34,3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр жилийн хэрэгцээт буудай төмсийг 100,0 хувь, хүнсний ногооны 62,6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болсон байна.Ургац хураалтын дүнг  2010 оны ургацтай харьцуулахад үр тариа 81,8 мянган тонн, төмс 30,2 мянган тонн, хүнсний ногоо 14,9 мянган тонноор тус тус ахиу ургац хураан авчээ.

Энэ  их ургацаа хэрхэн борлуулах, хэнд зарахаа мэдэхгүй будилж явсан тариаланчид учраа олсон бололтой.  Ямар ч байсан тариаланчид хурааж авсан ургацаа борлуулж бас урамшууллаа хүртэхэд бэлэн болжээ. Улаан буудайн борлуулалт ямар байгаа, мөн хэдий хэрийн урамшуулал олгоод буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

-Тариаланчид тулгараад байсан бэрхшээл юу болсон бэ?  Хурааж авсан ургацаа борлуулж чадсан уу?

-Урьд өмнөх жилүүдтэй харь­цуулахад энэ жил Монгол Улс арвин ургац хурааж авсан.  Гэхдээ хурааж  авсан улаан буудайгаа зарж, борлуулах тал дээр багагүй бэрхшээл тулгарсан байх. Гэхдээ одоо асуудалгүй болсон. Тариаланчид маань улаан буудайгаа борлуулж дуус­­сан байна лээ. Тариалан эрх­лэлтийг дэмжих сан гэхэд л нийтдээ 100 гаруй мянган тонн ургац худалдаж авсан. Нэг тонныг нь 350 мянган төгрөгөөр тооцож худалдан авсан байгаа. Мөн улсын нөөцөд тодорхой хэмжээний улаан буудайг тонныг нь 350 мянган төгрөгөөр худалдан авсан. Үлдсэнийг нь аж ахуйн нэгжүүд, газар тариаланчид хоорондоо ярьж, зохицоод зах зээлийнхээ ханшаар зарж борлуулсан гэсэн. Аж ахуйн нэгжүүд яг хэдэн төгрөгөөр газар тариаланчдаас улаан буудай худалдан авсныг хэлж мэдэхгүй байна.

-Тариаланчдад урам­шуул­лыг нь хэзээнээс олгох вэ?

-Анх 2007 онд Засгийн газраас улаан буудайн үйлдвэрлэлтийг дэм­жих үүднээс улаан буудай нийлүүлсэн иргэд болон аж, ахуйн нэгжид жил бүр мөнгөн урамшуулал олгохоор болсон. Энэ жилийг тооцвол нийтдээ таван жил тариаланчдад урамшуулал олгож байна.  Зарим хүмүүс үүнийг нөхөн олговортой андуурдаг. Нөхөн олговор гэдэг өөр ойлголт. Энэ бол газар тариаланчдаа дэмжиж буй нэг урамшуулал гэдгийг хэлмээр байна. Тариаланчдад урамшууллыг одоохондоо олгож эхлээгүй байна. Ирэх сарын 10-наас олгож эхлэх болов уу. Урамшуулалыг хэрхэн олгох тухай Засгийн газраас гаргасан журам бий. Уг журмын дагуу улаан буудайн урамшууллыг олгодог.

-Тариаланчид ямар мате­риал бүрдүүлдэг вэ. Анх удаа улаан буудайн тариалсан иргэд, аж ахуй нэгжүүд хаана хандахаа мэдэхгүй байх?

-Энэ сарын 1-нээс эхлэн урам­шуулалд хамрагдах тариаланч­даас материалыг нь авч эхэлсэн.  Хураасан тарианыхаа хэмжээ, эрүүл ахуйн шаард­лага хангасан эсэх бичиг, оршин суугаа харьяа газрынхаа тодорхойлолт, татвар төлсөн баримт зэргээ бүрдүүлээд энэ сарын 20-ны дотор манай яаманд өгөх шаардлагатай. Үүнийг нь яамнаас хянаж үзээд Сангийн яаманд ирэх сарын 1 гэхэд өгнө. Сангийн яамнаас бидний хүсэлтийг хянаж, шалгаад ирэх арванхоёрдугаар сарын 10-наас урамшууллыг олгож эхлэх юм.

-Нийтдээ хэдий хэмжээний мөнгөн урамшуулал энэ жил олгохоор төлөвлөсөн бэ?

-Одоогоор хэнд хэдий хэмжээний мөнгөн урамшуулал өгөх, нийтдээ хэдий хэмжээний урамшууллыг тариа­ланч­дад олгох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд 36 тэрбум төгрөгийн мөнгөн урам­шуулал олгосон. Энэ дашрамд тариа­­ланчдадаа анхааруулахад би­­чиг баримтаа хурдан бүрдүүлж, ХХААХҮЯ-нд энэ сарын 20-ноос өм­нө авчирч өгөөрэй гэж хэлмээр байна.

Ж.Гэгээ

"Ардын эрх" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж