“Долоон Элчин сайдыг томилох асуудал бий”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

“Долоон Элчин сайдыг томилох асуудал бий”

Монгол Улсаас гадаад орнуудад суугаа хэд хэдэн Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусч, орны хүнийг томилох асуудлыг ойрын үед УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсыг төлөөлөн гадаад оронд сууж байгаа хэд хэдэн Элчин сайдын томилолтын хугацаа дуусч байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч дараагийн элчингүүдийн нэрийг дэвшүүлэх ёстой гэж боддог. Гэтэл түүнээс өмнө Засгийн газрын хуралдаанаар зарим элчин сайдын нэрийг дэвшүүлж УИХ-д оруулахаар боллоо. Энэ ямар учиртай вэ?

-Бусад орны практикаас харахад аливаа улсын Төрийн тэргүүн гадаад оронд тухайн улсыг төлөөлөн сууж байгаа Элчин сайдыг томилдог, буцаан дууддаг онцгой бүрэн эрх эдэлдэг. Манай Үндсэн хуулиар ч Ерөнхийлөгч тийм эрх эдэлдэг. Гэхдээ Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай хууль зэрэгт сүүлд оруулсан өөрчлөлтөөр Элчин сайд нарыг Ерөнхийлөгч томилохоос гадна УИХ-тай зөвшилцөж томилно гэсэн зүйл орсон. Зөвшилцөж томилно гэдэг нь Ерөнхийлөгч Элчин сайдаар томилуулах саналтай хүнийхээ нэрийг УИХ-д оруулаад тэндээс дэмжлэг авсан тохиолдолд томилдог. Дэмжлэг аваагүй бол томилж болдоггүй. Нөгөө талаас зөвхөн Ерөнхийлөгч бие даагаад УИХ-д оруулах биш, Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг зүйл Ерөнхийлөгч, Засгийн газрын тухай хуульд бий. Тиймээс  Элчинг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүгд оролцож томилж байгаа гэж үзэж болно. Хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа тул Засгийн газар сая хуралдаанаараа элчингүүдийн асуудлыг хэлэлцлээ.

Өмнө нь Ерөнхийлөгчийн зүгээс Элчин томилох ажлыг хурдлуулж түргэлэхийг шаардсан. Төрийн алба тасралтгүй явж байх ёстойг хэлсэн. Гэтэл томилгооны ажилд олон байгууллага оролцдогоос ажил удаашрах, хугацаа алдах тохиолдол гардаг. Түрүүнд нь зарим чухал оронд суух Элчин сайдын томилгоог хийлгүй жил, жил хагасын хугацаа өнгөрсөн тохиолдол гарсан. Тухайлбал, Лаос, Унгарт суугаа Элчин сайд нарыг эргүүлж дуудаад бараг хоёр жил болж байна. Гэтэл орны хүний асуудлыг Засгийн газар оруулж ирж чадалгүй одоог хүргэсэн. Тэр дуудагдсан хүн яаж олигтой ажиллах вэ дээ.

-Дуудагдсан элчингүүд ажлаа хийж байгаа юу?

-Хийж байгаа. Нэгэнт дуудагдаад, орны хүнийг томилно гэсэн үг дуулсан хүнд буцах сэтгэл төрсөн байх нь ойлгомжтой. “Чемоданное настроение” гэдгээр л ажиллаж байгаа.

-Энэ удаа хэдэн Элчин сайдын асуудал гарч байгаа вэ?

-Энэ удаа долоон Элчин сайдын асуудал яригдаж байна. Элчингүүдийг гурваас дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Заавал дөрвөн жил ч гэдэггүй. Ажлын байдлыг харна. Тухайлбал, Сингапурт сууж байсан Элчин сайд эрүүл мэндийн шалтгаанаар аль эрт ажлаа өгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд ирсэн. Түүнээс хойш элчингүй байна. Унгар, Лаост байгаа элчингүүд бараг таван жил боллоо. Энэтхэгт сууж байсан Элчин сайд өөрийн саналаар буцаж ирсэн. Японд сууж байсан Элчин сайдын хугацаа дуусч энэ оны есдүгээр сард буцаж ирсэн. Италид шинээр ЭСЯ нээсэн. Тэнд шинээр Элчин сайд томилох ёстой. Кубад суугаа Элчингийн асуудал байна. Засгийн газрын хуралдаанаар таван Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн байна. Итали, Унгарын элчингүүдийг яриагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс барьж байгаа санал бол асуудлыг хурдалж бүх долоон Элчин сайдын асуудлыг нэг зэрэг шийдье, хоёрыг үлдээгээд хэрэггүй гэж байгаа.

-Ерөнхийлөгч Итали, Унгарт суух элчингүүдийг санал болгох уу. Бас Засгийн газраас оруулсан саналыг өөрчилж болох уу?

-Засгийн газар нэр дэвшүүлж орж ирж байгаа. Ерөнхийлөгчид бас эрх бий. Засгийн газраас оруулсан саналыг заавал тэр чигээр нь УИХ-д оруулах шаардлагагүй. Ерөнхийлөгч түүнийг өөрчилж болно. Тааллаараа болгоох эрх нь нээлттэй. Гэхдээ хамтарсан Засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа саналыг харгалзан үзэх нь дамжиггүй.

-Шинээр Сан-Франциско, Осакад суулгах консулуудыг ярих уу?

-Энэ жил Монгол Улсын гадаад харилцаа нэлээд өргөжиж байна. Гадаадад байгаа Монголын иргэдэд үйлчлэх, Монгол руу ирэх гэсэн, Монголыг сонирхсон, бизнес хийх, аялал жуулчлал эрхлэх гэсэн гадаадын иргэдэд виз олгох, Монголын талаар мэдээлэл тараах шаардлага байгаа учраас Засгийн газраас энэ жил Хятадын Хонконг,  АНУ-ын Сан-Франциско, Японы Осакад ерөнхий консулын газар нээсэн. Хонконгийн консулыг өмнө нь томилсон. Засгийн газрын хуралдаанаар нөгөө хоёрыг ярьсан байна. Одоогийн байдлаар элчингүүдийн томилгооны асуудал ийм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж