Элчингүүд хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Элчингүүд хэн нь хэн бэ?

Монгол Улсаас гадаадын долоон оронд суух элчин сайд, хоёр орны хоёр хотод суух ерөнхий консулын суудал шинэ эздээ хүлээж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар таван орны элчин сайдад санал болгох хүний нэрийг дэвшүүлж, хоёр ерөнхий консулыг томилжээ.

Засгийн газраас О.Даваасамбууг Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад, С.Баярааг Бүгд найрамдах Энэтхэг улсад, С.Хүрэлбаатарыг Японд, Т.Жанабазарыг Бүгд найрамдах Ардчилсан Лаос ард улсад, Б.Дэлгэрмааг Бүгд найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар, томилох саналаа өргөн мэдүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авсны дараа тэднийг УИХ-аар оруулж батлах асуудлыг хэлэлцэнэ.

Кубад сууж байгаа Элчин сайд Я.Долгоржавын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд суух элчин сайдад санал болгосон О.Даваасамбуу нь 2000-2005 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ. Мөн 2005-2008 онд Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газарт орлогч дарга, 2008 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ажиллаж байгаа хүн юм.

Энэтхэгт сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.Энхболд саналаараа эх орондоо иржээ. Түүний оронд С.Баярааг Засгийн газрын хуралдаанаас Элчин сайдад санал болгоод байна. С.Баяраа нь С.Зориг агсан, УИХ-ын гишүүн С.Оюун нарын төрсөн ах, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. С.Баяраа МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонинд сурвалжлагчаар ажиллаж,  ардчиллын анхны өдрүүдээс анхны ардчилсан хэвлэл “Шинэ толь”-ийг эрхлэн гаргаж байв. Түүнээс хойш “Зориг” сангийн зөвлөх, 2005 оноос Японы үндэсний угсаатны музейн зочин профессор, 2008 оноос Энэтхэг дэх Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Монгол Улсаас Японд сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Жигжидийн бүрэн эрх дуусч өнгөрсөн есдүгээр сард эргэн иржээ. Түүний оронд туршлагатай дипломатч С.Хүрэлбаатарыг Засгийн газраас нэр дэвшүүлээд байна. С.Хүрэлбаатар нь 1976-1980 онд Японоос Монгол Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж, 1997-2001 онд Японд Монгол Улсаа төлөөлөн Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар, 2008 оноос хойш БНАСАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллажээ. Мөн БНСУ-д Элчин сайдаар сууж байсан. Хуучин элчингээр сууж байсан Япондоо С.Хүрэлбаатар ийнхүү дахин томилогдон очиж магадгүй байна.

Монгол Улсаас Бүгд найрамдах Лаос ард улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Батбаатарын бүрэн эрхийн хугацаа өндөрлөөд хоёр жил шахам өнгөрсөн ч орны хүн томилогдоогүйн улмаас ажлаа хийсээр өдийг хүрчээ. Түүний оронд мөн л мэргэжлийн туршлагатай дипломатч Т.Жанабазарыг томилуулах саналыг Засгийн газраас гаргаад байна. Т.Жанабазар нь Канадын Оттава дахь Монголын ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2008 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм. Мөн ГХЯ-ны газар, хэлтсүүдэд ажиллаж байсан хүн.

Сингапурт сууж байсан Элчин сайд П.Гансүх эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн жил эргэж иржээ. Одоо түүний оронд “Либерти” дээд сургуулийн захирал Б.Дэлгэрмааг санал болгоод байна. Ц.Онон, О.Энхцэцэг, Ж.Эрдэнэчимэг гээд сүүлийн үед эх орноо төлөөлөн гадаадад суух болсон элчин бүсгүйчүүдийн тоог тэрбээр дахин нэгээр нэмэх бололтой. Б.Дэлгэрмаа нь Улсын прокурорын газарт хэлтсийн прокурор, МУИС-д багш, анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд байнгын хорооны зөвлөх, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, дараа нь Ерөнхий сайдын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Норовбанзад” сангийн тэргүүн, 2010 оноос “Либерти” дээд сургуулийн захирлаар ажиллаж байна. Б.Дэлгэрмаа ирэх 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийн нэг байсан ч ийнхүү гадаадад сууж магадгүй болоод байна. Харин Унгар болон шинээр ЭСЯ нээсэн Италид суух элчингүүдийн нэр одоогоор хараахан тодорсонгүй. Италид суух Элчин сайдад МАН-ын зүгээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийг санал болгосон ч АН-ын тал зөвшөөрөөгүй гэсэн “бор шувуу” ордон хавьд нисээд удаж буй.

Монгол Улсын ерөнхий консулын газрыг энэ жил шинээр нээсэн АНУ-ын Сан- Франциско хотод Н.Анхбаярыг ерөнхий консулаар Засгийн газраас томилоод байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү гэдгээрээ анхаарал татаад буй. Түүний намтрыг сөхвөл 1979 онд Увс аймагт мэндэлсэн. Ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаар эхэлсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, аавынхаа туслахаар ажиллаж төрийн албанд хөл тавьсан ажээ. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлэгт референт болсон байна. Тэндээсээ ГХЯ-нд шилжин атташе, 2010 оны арванхоёрдугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал болж улмаар АНУ-ын Сан- Франциско хотод ерөнхий консулаар томилогдлоо. Д.Батжаргалыг  Японы Осака хотод суух Ерөнхий консулаар томилжээ. Д.Батжаргал Улсын банк, Токио дахь Монгол Улсын ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2009 оноос мөн ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж буй аж. Консулуудыг Засгийн газрын хуралдаанаас томилсон бол Элчин сайд нарыг удахгүй УИХ-аар оруулан шийдэх юм.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж