Амнаас нь үг унадаггүй дарга нар

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Амнаас нь үг унадаггүй дарга нар

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарыг шинэ албанд очоод ямар зарчим барьж ажиллахыг нь яриулах гээд УИХ-ын гишүүд өчигдөр чуулганы танхимд байцаагаад, барсангүй. Адаг сүүлд нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад асуултад тодорхой хариулт өгөхгүй байгаа юм уу, амнаас нь ерөөсөө үг унахгүй юм. Ийм байдлаар Авлигатай тэмцэх газрын ажилтнуудтайгаа яаж ойлголцож ажиллах юм бэ. Ярьж хэлж байж, асуудлыг шийднэ. Яриа хөөрөөтэй болоорой” гэж захив. Бас нөхцөл байдал амаргүй байгааг ч хэлсэн юм. Сайд “Монголчууд өнөөдөр бүгдээрээ шахам авлигачин болчихлоо. Шан харамж гэж юуг хэлэх, авлига хээл хахуульд юу хамаарахыг ялгаж салгаж өгөхгүй бол энэ нийгэм бүр болохоо байлаа. Би бол Авлигын эсрэг хуулийг батлалцаж явсан хүний нэг. Одоо гурав дахь дарга нарыг томилох гээд сууж байна. Авлигатай тэмцэнэ шүү гээд л томилоод явуулдаг, ямар нэг байдлаар асуудалд ордог. Авлигатай тэмцэх газрын анхны дарга яасан билээ, хоёр дахь дарга нар асуудалд орж, шүүхээс ял шийтгэл сонссон. Одоо энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүст ажиллах хүсэл эрмэлзэл зүрх зориг байна уу гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Тэдний хүсэл эрмэлзлийг бөхөөлгүй, хамт олонтойгоо сайн ойлголцож ажиллаасай гэж хүсэх байна. Дээр нь Авлигатай тэмцэх газарт олон хэрэг байгаа л гэх юм, мэдээлэл өгсөн хүмүүсээс нь мэдүүлэг аваад шийдчихэж болдоггүй юм уу. Энэ талд бас анхаарч ажиллаарай” хэмээн захив.

УИХ-ын хувьд хууль хяналтын байгууллагатай холбогдох олон томилгоог баталж, нэр дэвшигчдээс тодорхой асуултдаа хариулт авч байсан ч энэ удаагийн Авлигатай тэмцэх газрын удирдлагууд шиг үг дуу цөөтэй хүмүүстэй таарч байгаагүй тул ёстой толгой сэгсрэн аргаа барна билээ. С.Ламбаа  сайдын хэлсэнчлэн яриа хөөрөө сайтай болоорой л гэж ерөөе дөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж