”Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

”Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй”



Ашигт малтмалын газрын Гео­логи, Уул уурхайн кадастрын хэлт­сийн дарга Б.Болормаатай ярилцлаа.

-“Урт нэртэй” хууль хэрэг­жихгүй байгаагаас болж нэлээд шүүмжлэл гарсан. Одоогийн байд­лаар дээрх хуулийн хүрээнд хамрагдах газрыг тогтоох үйл явц болон тогтоосон бүсэд олгосон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх асуудал ямар шатанд байна вэ?

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт хэсэгчлэн тогтоосон Засгийн газрын 174 дүгээр тогтоол өнгөрсөн зургаадугаар сард батлагдсан. Уг тогтоолын дагуу дээрх хориглосон газрын 5284 солбилцлоор тодор­хой­логдсон 341 талбайг бүртгээд байна. Эдгээр талбайтай бүхэлдээ давхцалтай 111 тусгай зөвшөөрөл, хэсэгчилсэн давхцалтай 127 тусгай зөвшөөрөл байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хам­гаалалтын бүс, ойн сан бүхий газ­рын хил заагийг  тогтоох ажил  одоо үргэлжилж байна. Засгийн газ­рын тогтоолоор баталгаажин ма­най газарт ирүүлсэн тухай бүрт нь бид бүртгэж, тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байх арга хэмжээг авна. Өмнө нь олгосон бүхэлдээ болон хэсэгчилсэн давхцалтай байгаа тусгай зөвшөөрлүүдийг нийтэд зарлах, нөхөн олговрыг тооцох ажил эхлээд байна. Засгийн газраас нөхөн олговор олгох журмыг баталсан мөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна.

-Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн хэчнээн хувьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэсэн тооцоо байна вэ?

-Манай хэлтэс сар болгон статис­тик мэдээ гаргадаг. Одоогийн байд­лаар хайгуулын 2622, ашиглалтын 1185 нийтдээ 3807 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрөлд хамрагдсан талбай нь манай орны нийт нутаг дэвсгэрийн 14.9 хувийг эзэлж байна. Үүнээс хай­гуулын тусгай зөвшөөрөлтэй тал­бай нь 14.5, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь 0.4 хувийг хамарч байна.
-Тусгай зөвшөөрөл бүхий ихэнх талбай нь говийн бүс нутгуудаар байдаг гэж сонссон. Тусгай зөвшөө­рөл бүхий хамгийн их талбайтай ямар аймаг байна вэ?
-Өмнөговь аймгийн 6.2 сая га талбайг хамарсан 386 тусгай зөв­шөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Дорноговь аймагт 442 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 2.6 сая га талбайг хамарч байна.

-Дээрх тусгай зөвшөөрлүүдийг голдуу ямар аж ахуйн нэгжүүд эзэм­шиж байна вэ?

-Хүчин төгөлдөр нийт 3807 тус­гай зөвшөөрлийг 1905 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас дотоодын хөрөнгө оруулалттай нь 1447, гадны хөрөнгө оруулалттай 307, хамтарсан хөрөнгө оруулалттай 151 аж ахуйн нэгж байна.

-Ямар улсын хөрөнгө оруу­лалттай компаниуд хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшиж байна вэ?

-БНХАУ-ын 249 компани 442 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүний дараа Виржиниа арлын ул­суудын 47 компани 145 тусгай зөвшөөрөлтэй байгаа бол БНСУ-ын 43 компани 81 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээрийн араас ОХУ, Канад зэрэг улс орж байна.

-Аж ахуйн  нэгжүүдийн эзэм­шиж буй тусгай зөвшөөрлийнх нь хам­рах талбайн хэмжээг тодруулахгүй юу?

-Дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд нийт тусгай зөвшөөрөл бүхий талбайн 12.6 хувийг, хамтарсан хөрөнгө оруулалттай нь 8.9 хувийг, үлдсэн хувийг нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшдэг.

-Ер нь танайд хүсэлт гаргаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар ашигт малтмалыг хайх, олборлохыг хүс­сэн байдаг юм бэ. Одоогоор ямар ашигт малтмалыг хамгийн ихээр олборлож байгаа вэ?

-Одоогийн байдлаар 20 гаруй төрлийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Үүнээс хамгийн их нь алтных. Алт олборлох 465 тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн барилгын мате­риалын 242, нүүрсний 191, жоншны 152, төмрийн 40 тусгай зөвшөөрлийг олгосон байна. Хүхэр, биндэръяа зэргийг олборлох нэг, нэг  тусгай зөвшөөрөл л олгосон байх жишээтэй.

-Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг танай хэлтсээс олгодог учир нэлээд хэл аманд өртдөг. Үүний шалтгаан нь юунд байна вэ. Танай хэлтэс үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийг хүмүүс янз янзаар шүүмжилдэг. 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг хүмүүс “Тусгай зөв­шөөрөл олгох тухай хууль болчихсон. Кадастрыг зохицуулах хууль мөн юм уу” гэж шүүмжилдэг. Үүний цаана тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг илүү нарийвчилж, зохицуулж өгсөн хууль гэж ойлгож болно л доо. Нэгэнт хуулиар үйл ажиллагааг нь нарийвчлан зохицуулсан байхад хэрэгжүүлэх явцад алдаа тэр болгон гараад байх нь боломжгүй асуудал. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурьтай, уул уурхайг мэддэггүй хүн үгүй болсон энэ үед олны хардлага дагуулдаг л даа. Гэхдээ би Уул уурхайн кадастрын хэлтэс хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэж хэлж чадна.

-Танай хэлтэст тулгамдаж бай­гаа ямар асуудал байна вэ?

-Тулгамдаж байгаа асуудлууд байлгүй яахав. Гэхдээ гол асуудал бол уул уурхайн кадастрыг зөв хэрэгжүүлэх бүртгэлийг эмх цэгцтэй байлгах юм. Энд олон зүйлийн тухай ярих хэрэгтэй болно. Уул уурхайн ка­дастрыг төгөлдөршүүлэхэд бүрт­­гэлийн техникийн асуудлыг бо­ловс­ронгуй болгох түүнийг эрх­зүйн бичиг баримтад тусгах хэрэгтэй байгаа юм. Одоогийн мөрдөж байгаа болон өмнөх Ашигт малтмалын тухай хуулиудад ч тэр тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нарийн шаардлага буюу тусгай зөвшөөрөл олгох талбайг уртраг, өргөрөгийн дагуу газар зүйн солбилцлоор байршлыг тодорхойлсон байх, тэгш дөрөв болон тэгш олон өнцөгтэй байх, талуудын урт нь 500 метрээс багагүй байх, шулуун шугам байх, талбайн доод хэмжээ 25 гектар байх зэрэг техникийн шаардлагуудыг зааж өгсөн ч тусгай зөвшөөрөл ол­го­хыг хориглосон, хязгаарласан га­зарт дээр дурьдсантай адил шаард­лага огт тавиагүй. Тиймээс тус­гай зөвшөөрөл олгох болон хориг­лосон, хязгаарласан талбайн хувьд ашиглагдахгүй тал­байнууд олноор үүсэх, олон зуун цэгээр талбайнуудыг тодорхойлохоос болж алдаа гарах, талбайн давхцал үүсэх, үүнтэй холбоотой шүүхийн шатанд ч шийдвэрлэгдэхгүй мар­гаанууд өнөөдрийг хүртэл үргэл­жилсээр байна. Уул уурхайн салбар хөгжихийн хирээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  олгох, бүртгэх үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналтын байгууллагууд болон олон нийт хянаж болохуйц энгийн ойлгомжтой байх наад захын шаардлага урган гарч байна. Мөн олон өргөдөл хүсэлтийг хуулийн хугацаанд шийд­вэрлэх, талбайг давхцалгүй олгох, газрыг зөв зохистой төлөвлөх, ашиг­лах, удирдахын тулд одоогийн бүртгэлийг цэгцлэн сайжруулах, өмнө нь хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж