Салютад түлэгдэж гэмтдэг улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Салютад түлэгдэж гэмтдэг улирал эхэллээ

Шинэ жилтэй золгох дөхлөө. Энэ бол хүн бүх­ний дуртай баярын нэг. Шинэ жилийг гацуур мод, өв­лийн өвгөн, салютгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл өн­гөрсөн жил монголчууд бид шинэ оноо гаргах гэж  хөөрцөглөж байгаад гар, нүү­рээ түлэн, зарим нэг нь тахир ду­туу болсон. Харин азаар хүний амь  эрсдээгүй. Он гарсны дараахан шө­нийн 00:00 цаг өнгөрч бай­хад Гэмтлийн эмнэлэгт нэг төр­лийн түлэгдэлтэй өвч­төнүүд дараалал үүсгэжээ. Гэвч ганц энэ өдөр ч биш бүр шинэ оны эхний долоо хоногт  хэвлэлийн нүүр болгоноор энд, тэнд салют буудуулж байгаад “гар, нүүрээ түллээ” гэсэн мэдээлэл их цацагдав.  

Удахгүй шинэ онтой золгох дөхөж байгаатай хол­богдуулан тэсэрч дэлбэрэх бодисын аюулгүй байдал, зохицуулалтын талаар хол­богдох газрууд бэлтгэлээ яаж  хангаж байгаа, мөн салю­тийг хил, гаалиар хэрхэн нэвт­рүүлдэг, зөвшөө­рөлтэй ямар аж ахуй нэг­жүүд байдаг, нууцаар оруулж ирдэг ганзагын най­маа­чид, өнгөрсөн жил энэ төр­лийн хэрэгслийг буруу хэрэглэснээс болж биедээ хохи­рол учруулсан иргэдийн та­лаар сурвалжилсан юм.

Монголд пиротехник буюу тэсэрч, дэлбэрэх бодис /динамит, салют зэрэг/ импортолдог тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байдаг аж. Үүнд “Протек” компанийн “Тотал мюзик” дэлгүүр, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өглөө” цогцолборын дэлгүүр, “Очир Ундраа” компанийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Пластик” дэлгүүрт худалдан борлуудаг байна. Эдгээр компаниудаас хамгийн олон төрлийн пиротехникийн хэрэгсэл оруулж ирдэг нь “Очир Ундраа” компани 226 нэр төрлийн 31 мянга 138 ширхэг, Протек компани 62 төрлийн 17 мянга 767 ширхэгийг импортлон худалдаалжээ. Гэтэл бүхэл бүтэн нэг улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирдэг хоёрхон компани байгаа нь сонирхол татах аж. Ядаж байхад баяр, цэнгэлд дуртай манай монголчуудад тэдний авч ирсэн 48 мянга 905 ширхэг пиротехникийн хэрэгсэл хаана нь хүрэх вэ дээ. Гэвч энэ тоонд ганзагын наймаачид өөрийн хувь нэмрээ оруулдаг гэнэ. Ганзагын наймаачдаас бичиг хэрэгслэлийн худалдаачид энэ төрлийн бизнесийн гол тоглогчид. Тэд хэмжээ дүйцэхүйц том хэрэгсэл, эвхээст хуулга зэрэг адилхан барааны дотор салютаа тээвэрлэдэг байна. Нэгэнт эрэлт ихэсч байгаа болохоор зарим нэгэн сүйхээтэй наймаачид аль хэдийн салют, динамит зэргийг оруулаад ирчихсэн, утсаар холбогдон наймаалцаж байна. Гэтэл үүнийг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрынхан  “Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл  байхгүй” хэмээн сууж байх юм. Өнгөрсөн жилийг бодоход энэ жил хил гааль чангарсантай холбогдуулан нэг ширхэг салютын үнэ 1500-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, зургаа бууддаг 3500 төгрөгийн үнэтэй салют 5000 төгрөг болжээ. Бид энэ талаар “Нарантуул” Олон улсын худалдааны төвд өмнө нь салют худалдаалж байсан гэх Э-ээс тодруулсан юм. Тэрбээр “Гаалиас ямар ч зөвшөөрөл өгдөггүй болохоор бид бага хэмжээгээр нууж оруулдаг. Өвөл болохоор хичээлийн хэрэгслийн худалдан авалт буурдаг. Харин салют, динамит гүйлгээтэй байдаг болохоор бага багаар оруулж ирдэг. Бичиг хэрэг зараад хоёр өдөрт арай гэж 50 мянган төгрөг олдог. Харин салют зэргийн бараанууд эрэлт нь ихэссэн  үед ганц өдрийн дотор хэд нугалаад ч олох боломжтой. Эгч нь гаалийн шалгалт чангарсан болохоор одоогоор авч ирээгүй л байна. Манайхны зарим нэг нь танил талаараа дамжуулаад бага багаар оруулаад ирчихсэн борлуулж байгаа” хэмээв. 2010-2011 оны зааг дээр Гэмтлийн эмнэлэгт салютад түлэгдэж хүнд, хөнгөн хэлбэрийн шарх авсан хүмүүсийн дараалал үүссэн нь  монголчуудын англи хэлний мэдлэг муугаас болсон гэлтэй. Өнгөрсөн шинэ жилээр л гэхэд “Гар дээрээс буудаж болохгүй” гэсэн анхааруулгыг мэдэлгүй 21 хүн ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл учруулжээ. Бид тэдгээр гэмтсэн иргэдийн заримынх  нь сургийг  гаргаж уулзсан юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIY хорооны иргэн 21 настай Г.Баяртулга “Би талбай дээр салют зарж байсан хүмүүсээс агаарт олон бууддаг энэ тэр гээд байсан хар өнгийн савтай салютыг таван мянгаар авсан юм. Надтай хамт манай гурван найз авсан л даа. Тэгээд бид хамтдаа он гаргахаар манайд очсон. Он солигдох мөчид манай найз Баяраа бид хоёр буудуулж байтал гэнэт хоёр гурав буудаж байснаа гар дээр дэлбэрчихсэн. Алганы дотор хэсэг нэлэнхүйдээ түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт очсон. Одоо  гайгүй эдгэрсэн байгаа. Уг нь Монгол заавартай байвал их сайн юм шиг. Бид өмнө нь гар дээрээсээ буудуулчихдаг байсан болохоор нэг их анзаараагүй.  Салютан дээр англи үгнүүд байсан болохоор зааврыг нь мэдээгүй” гэсэн юм. Пиротехникийн хэрэгслийн талаар “Төрийн хяналт шалгалтын тухай” тусгай хууль, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”, Нийслэлийн Засаг даргын 2009 оны арванхоёрдугаар сарын  9-ний өдрийн 662 дугаар захирамж зэрэг хууль дүрэм гараад нэлээд уджээ. Гэтэл эдгээр олон хууль, тогтоолууд одоог хүртэл биеллээ олоогүй яваа.

Албан ёсны зөвшөөрөлтэй гэх хоёр компани болон Гаалийн ерөнхий газраас пиротехникийн хэрэгслийн талаархи мэдээг хууль дүрмийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын газарт гаргаж өгдөггүй бололтой. Жишээ дурдъя. “Протек”, “Очир-Ундраа” компаниуд 2006 онд гаргасан Засгийн газрын 149 дүгээр тогтоолын тавдугаар зүйлд заасны дагуу “Пиротехникийн хэрэгслийг жижиглэн худалдаалах аж ахуй нэгж, байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн аж. Учир нь зарим нэгэн бүтээгдэхүүн нь бүртгэлгүй байсан байна. Мөн тус тогтоолын XIII зүйлийн “…хадгалалтын нөхцөл байдалд тухайн нутаг дэвсгэрийн Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэнэ. Харин гаалийнхан дээрх тогтоолын 28 дугаар зүйлийг зөрчин том толгой гаргажээ. Уг заалтад “Гаалийн төв байгууллага нь импортоор оруулсан пиротехникийн хэрэгслийн талаарх мэдээг мэргэжлийн хяналтын байгууллагад сар бүр хүргүүлнэ” гэсэн заалтын дагуу жил, сарын тайлангаа гаргаж өгдөггүй байна.

Тэгвэл зөвшөөрөлтэй хэмээх хоёр компанийн хажуугаар пиротех­никийн хэрэгсэл оруулж ирдэг иргэд хаагуур яаж зараад байна вэ. Хаа сайгүй. Учир нь тэд  шинэ жил болмогц Улаанбаатар хотын бүх зах, дэлгүүрээр худалдаална. Энэ төрлийн бүтээгдэхүүн хамгийн ихээр худалдаалдаг “Нарантуул” худалдааны төвийн Цагдаагийн хэсэг өнгөрсөн жилийн алдаагаа давтахгүйн тулд ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар тодруулахад “Бид шалгалт тандалтаа сайтар хийж байгаа. Одоогоор ямар нэгэн ил зарсан, зарж байгаа гэх зүйл мэдэгдэхгүй л байна. Энэ жил өмнөх жилүүдийнх шиг ил задгайгаар тэсэрч дэлбэрэх бодис заруулахгүй” гэсэн. Тэгвэл нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрынхан “Урьдчилсан шалгалт явуулах шийд одоогоор гараагүй байна” гэлээ. Тухайн онд хэчнээн тооны пиротехникийн хэрэгсэл  оруулж ирэх  талаар зөвшөөрөлтэй компаниуд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд тоогоо гаргадаг. Тус яам эргээд Тагнуулын ерөнхий газарт ийм хэмжээний тэсэрч дэлбэрэх бодис импортлох талаар санал тавьдаг аж. Одоогоор хичнээн ширхэг салют оруулж ирэх талаар ТЕГ-т мэдээ ирээгүй байгаа гэнэ. Тэгвэл тоо нь тодорхойгүй юм чинь энэ жил бас л зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй их хэмжээний пиротехникийн хэрэгсэл оруулж ирэх нь ээ. Түүнийг нь англи хэлний мэдлэг маруухан монголчууд яаж хэрэглэх зааврыг нь мэдэлгүй дахин гар, нүүрээ түлж, тахир дутуу болох, бүр цаашлаад амиа алдах эрсдэл нэг алхмаар урагшлах бололтой.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж