Нэр дэвшигч ажлаасаа зургаан сарын өмнө чөлөөлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигч ажлаасаа зургаан сарын өмнө чөлөөлөгдөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ. Ингэхдээ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд маргаан дагуулсан асуудал нь төрийн албан тушаалтан хийгээд төрийн өмчит компанийн удирдлага нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх бол албан тушаалаасаа зургаан сарын өмнө чөлөөлөгдөх тухай заалт байлаа. Тодруулж хэлбэл, тухайн заалтад тусгагдсан албан тушаалтнууд ирэх сонгуульд нэрээ  дэвшүүлэх бол 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх болж байгаа юм. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир эсрэг байр суурь барив. Түүний хэлснээр бол төрийн өмчит компаниудын захирлууд бол төрийн албан хаагчдаас тэс ондоо. Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх гээд зүтгэж байх тэр цагаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь туйлын буруу. Тухайн хүн өөрөө сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлгүй байтал нь намаас нь шаардаад шахаад байвал яах вэ. Ийм нөхцөлд тухайн нэр дэвшигч хохирно. Тийм учраас зургаан сар гэдэг хэтэрхий хатуудсан хугацаа. Хуучнаараа нэг сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь зүйн хэрэг гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, Х.Тэмүүжин нарын хувьд “Улстөр,  мөнгө хоёрыг салгахын тулд хуучин нэг сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгддөг байсныг зориудаар зургаан сарын өмнө болгож уртасгасан. Ингэхгүй бол төрийн ажлыг хийдэггүй, хэдэн сараар ажлаа хаяад алга болдог. Дээр нь тухайн газрын ажилтан албан хаагчдыг мөн сонгуульд дайчилдаг. Эцсийн дүндээ иргэд төрийн үйлчилгээг авч чаддаггүй, чирэгддэг. Тиймээс урьд жилүүдэд гарсан зөрчлийг арилгах зорилгоор ийм заалт оруулсан гэлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хэлснээр бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан саналд дээрх хугацааг гурван сар байхаар оруулж ирсэн аж. Энэ асуудлыг үдээс хойш хуралдах ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн юм. Үүнтэй УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж “Ахиад юун Ерөнхийлөгчийн санал вэ, ирэх жилийн сонгууль чинь нуль луйвар болох нь гэж яриад байна. Хэрвээ гурван сарын өмнө албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэвэл гадаа байгаа намууд эсэргүүцэл илэрхийлнэ. Ерөөсөө энэ заалт бол тухайн албан тушаалтан эрсдлээ үүрээд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх, эс бөгөөс албан тушаалдаа үлдэх гэсэн сонголт. УИХ-ын Сонгуулийн тухай хуульдаа намууд захирагдах ёстой. Хэнийгээ нэр дэвшүүлж, хэнийгээ үлдээх нь тухайн намын шийдвэр. Сонгууль болохоор төрийн алба, төрийн өмчит компаниуд сонгуульждаг нь нууц биш ил болсон зүйл” гэлээ. Ийнхүү нэлээд маргалдсаны эцэст УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс оруулж ирсэн санал дэмжлэг хүлээсэн юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж