Ф.Масса 100 дахь уралдаандаа бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Ф.Масса 100 дахь уралдаандаа бэлэн

“Формула нэг”-ийн энэ улирлын сүүлийн уралдаан ням гаригт Бразилид болно. “Феррари” багийн нисгэгч Фелипе Массагийн хувьд тус уралдаан түүхэн өрсөлдөөн байх юм. Учир нь тэрбээр “Феррари”-гийн төлөө 100 дахь гран-придаа оролцох гэж байна. Түүний хүүхэд насны мөрөөдөл нь “Феррари”-гийн машинаар уралдах байлаа. Гэнэт л түүний мөрөөдөл биеллээ олж, Масса Италийн багийн гол нисгэгч болсноос хойш нэлээд хэдэн жилийг үджээ.

“Феррари”-гийн төмөр хөлгийг жолоодож, 100 дахь уралдаандаа оролцох гэж буй Массагийн энэ гайхам амжилтыг өмнө нь ердөө хоёр тамирчин л гаргаж байжээ. Тодруулбал, Михаэль Шумахер 179, Рубенс Баррикелло 102 гран-прид “Феррари”-г төлөөлөн уралдааны талбарт гарч байсан аж.

Массагийн хувьд төрөлх нутгийнхаа гран-прид 2006, 2008 онд түрүүлж байсан. Тиймдээ чухал үйл явдал тохиож буй учир энэ жил тэргүүн байрын төлөө өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ мэдээж “Рэд Булл”, “МакЛарен” гээд хатуу самрууд байгааг ч тэр онцолсон байна. Энэ улиралд ганц ч түрүү авч чадаагүй Масса зургадугаар байрт шалгарсан амжилттайгаар энэ улирлыг үдэх нь тодорхой болоод байгаа юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж