Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл хуралдлаа

“Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл”-ийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийн дарга Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргал, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор холбогдох хэлтэс, агентлагын дарга нар болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Энэ удаагийн ээлжит хурлаар “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн нэг болох “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хэрэгжилтийн явц байдлын талаарх мэдээллийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос танилцуулав. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий төлөвлөгөө одоогоор хийгдэж байгаа бөгөөд төсөлд Нүүрс шингэрүүлэх үйлдвэр, Нүүрс хийжүүлэх үйлдвэр, Кокс-химийн үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэр, Төмөр боловсруулах, ангижруулах үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэр, Цементийн үйлдвэр, Цахилгаан станцууд барихаар төлөвлөжээ. Энэ үеэр төслийн санхүүгийн бүтэц, хөрөнгө оруулалт болон бизнес төлөвлөгөө боловсруулах стратегийн зөвлөхийг одоо хүртэл сонгон шалгаруулж чадаагүй. Мөн судалгааны ажил, зөвлөхүүдийн санхүүжилт шийдэгдэхгүй, удааширч байгааг онцоллоо.

Дараагаар нь, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих болон Суманд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээл олголтын явц, үр дүнгийн мэдээллийг ЖДҮ-ийн газрын дарга Ц.Ням-Осор хийв. Засгийн газраас энэ жил жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд 283 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол одоогийн байдлаар 230-аад тэрбум төгрөг үйлдвэр эрхлэгч эзэндээ хүрч, 25200 хүн ажлын байраар хангагдаад байна. Харин сум хөгжүүлэхэд 24 тэрбум төгрөгийг тухайн сумын хүн амаас нь хамаарч нэг суманд 50-265 сая төгрөг олгож, 7200 хүн ажлын байртай болсон аж.

Дээрх мэдээллийн дараа бодлогын зөвлөлийн гишүүд Сум хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөхгүй бол сум орон нутагт улстөржих, хүнд суртал гаргах хандлага гарч байгааг онцоллоо. Түүнчлэн НӨАТ-ын босгыг 50-100 сая төгрөг болгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх. Цаашид импортын бүтээгдэхүүн орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бүс нутгийн чанартай хангамжийн асуудал хариуцдаг том үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих тухай асуудлыг тусгайлан дараагийн ээлжит хуралдаанаараа авч хэлэлцэхээр боллоо. Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийн дараагийн хурал 2012 оны нэгдүгээр сард болох юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж