“Ардчилсан Үндсэн хууль” сэдвээр уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Ардчилсан Үндсэн хууль” сэдвээр уралдаан зарлав

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран нийт сэтгүүлчдийн дунд “Ардчилсан Үндсэн хууль-20” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлага, гэрэл зургийн уралдааныг энэ сарын 1-30 хүртэлх хугацаанд зарлаад байна. Зорилго нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, тогтвортой байдал, түүхэн ач холбогдол, Үндсэн хууль батлагчдын нөр их хичээл зүтгэлийг олон нийтэд сурталчлан таниулахад оршжээ. Уралдаанд ирүүлэх бүтээл нь шинэ Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө,  парламентат ёс,  эрх зүйт төр,  сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал, шударга өрсөлдөөн, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого  зэрэг орчин үеийн либераль ардчиллын тулгуур үнэт зүйлсийн талаар баримтад тулгуурлан бүтээгдсэн. Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан тухайн түүхэн цаг үеийн бодит үйл явц, Үндсэн хууль тогтоогчдын оюуны нөр их хөдөлмөр зүтгэлийг тод томруунаар харуулсан байвал зохих аж. Түүнчлэн улс орны хөгжлийн чиг хандлага, цаг үеийн шаардлагаар Үндсэн хуулийг шинэтгэх талаар тулгарч буй асуудал, шинэчлэлийн арга замын талаар олон нийтийн санал бодол, эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэн баримт, нотолгоо, судалгаа дүгнэлттэй хандсан байх шаардлагатай аж.

Мөн бүтээл нь Үндсэн хуулийн ололттой талуудыг товойлгон харуулсан байхын зэрэгцээ бичиг хэргийн болон бусад стандартад нийцсэн, бодит тоо баримт, мэдээ мэдээлэлд үндэслэсэн, судалгааны оновчтой аргуудыг хэрэглэсэн, хэл найруулгын өндөр төвшинд бичигдсэн, урьд нь аливаа уралдаанд оролцсон буюу нийтлэгдээгүй байвал зохилтой гэнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг нийтлэл, нэвтрүүлэг/радио, телевизийн/ сурвалжлага, ярилцлага, түүхэн гэрэл зураг гэсэн төрлүүдээр шалгаруулж тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзэнд тус бүр 300 мянга, хоёрдугаар байрт 200 мянга, гуравт 100 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж