”Австрали татвараа нэмэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

”Австрали татвараа нэмэх ёстой”

Австралийн эрх баригчид уул уурхайн томоохон компаниудаас орлогын 30 хувийн татвар авахыг дэмжив. Томоохон компани гэх ангилалд юун түрүүнд “Рио Тинто”, “BHP Billiton”, “Экстрата” багтах юм. Тэдний үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа Африк, Өмнөд Америкийн орнууд ч бас ийм алхам хийж магадгүй болсныг “Ройтерс” агентлаг онцолжээ.

Австралийн Засгийн газраас са­нал болгосон энэхүү хуулийн төс­лийг парламентын доод танхим нь баталчихаад байгаа. Харин Сенатын дээд танхим нь ирэх оны эхээр хэлэлцэх юм. Хэрэв хууль батлагдвал 2012 оны долоодугаар сараас хэ­рэгжиж эхэлнэ. Нүүрс, төмрийн хү­дэр зэрэг түүхий эд олборлодог уул уурхайн компаниудын хувьд эхний гурван жилд орлогынхоо 30 хувийн татварт ойролцоогоор 11 тэрбум ам.доллар өгнө. Ж.Гиллардын тэр­гүүлж буй Зас­­гийн газрын саналыг сөрөг  хү­чин нь эсэргүүцэж, гадаадын хө­рөнгө оруулалтыг түлхэж, ажлын байр­ны тоог бууруулах аюултайг анхааруулсан юм. Түүний хариуд Австралийн Сангийн сайд Вайн Свон “Хэрэв бид үр хүүхдэдээ хү­чирхэг Австрали орныг өвлөн үл­дээхийг хүсэж байгаа л юм бол энэ хуу­лийг заавал батлах ёстой” гэжээ. “Хү­чирхэг Австрали орон”. Энэ үг өөрөө их хүчтэй сонсогдож байгаа биз.

Өнгөрсөн онд Австралийн Ерөн­хий сайд асан Кевин Радд сон­гууль болох гэж байгааг ч үл хайх­ран уул уурхайн компаниудад 40 хувийн татвар ноогдуулахаар зэхэж байсан юм. Харин үүний эсрэг “Рио Тинто” тэргүүтэй компаниуд хүчтэй лобби хийсэн. Үр дүнд сонгуулиар Хөдөлмөрийн нам ялаг­дал хүлээсэн. К.Радд ч огцорч, оронд нь Ж.Гиллард Ерөнхий сайдын сэнтийд заларсан юм. Тухайн үед “Рио Тинто”-ийн ерөнхий захирал Том Албаниз уул уурхайн гигантуудтай тэмцвэл ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг К.Раддаар жишээ болгон тайлбарлаж байв. Гэвч Ж.Гиллард түүнд таалагддаг Ерөнхий сайд байхыг хүссэнгүй.  Тэр К.Раддыг огцорсноос хойш 18 сарын дараа түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр болов. Уул уурхайн компаниудаас авах татварын ор­ло­гоороо юун түрүүнд ажилчдын тэт­гэврийн сангийн хөрөнгийг нэмж, төсвөө тэлэх бололтой. Гэхдээ энэ нь уул уурхайн гигантууд татвараас зайлсхийхийн тулд янз бүрийн алхам хийхэд хүргэж мэдэх юм.

Хятад, Энэтхэгийн түүхий эдийн эрэлт ихэсч байгаа. Үүнийг да­гаад Австралид олборлолт хийж байгаа компаниудын орлого нэмэг­дэж, байгалийн баялаг ихтэй ба­руун мужууд болон Квинсландын ажилчдынх нь цалин ч өсчээ. Харин бусад хэсэгт байдал хэвээр байгаа. Түүнчлэн эдийн засаг нь хэтэрхий хурдацтай тэлж байгааг дагаад нэг салбараас хэт хамааралтай болох аюултайг Ж.Гиллард анхааруулсан юм. Австралид инфляцийн өсөлт ч гаарч байгаа. Тиймээс орлогын тэгш хуваарилалт хийж, инфляцийг бууруулахын тулд 30 хувийн татвар хамгийн үр дүнтэй гэж Австралийн эрх баригчид дүгнэж байна. Үүний хариуд “Экстрата”-ийн нүүрсний асуудал хариуцсан ерөнхий захирал Питер Фрэйберг “Бид энэ асуудлаар Засгийн газартай дахин хэлэлцэх шаардлагатай” хэмээн мэдэгджээ.

Манай оронд 2006 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг батлан хэрэгжүүлж байв. Австралийнхтай адил нэлээд өндөр татвар. Олон хүний эсэргүүцэлтэй тулгарч “Хаа­на ч байхгүй өндөр татвараар гадаа­дын хөрөнгө оруулагчдыг үргээж орхилоо” гэж шүүмжлүүлж байсан. Тэр ч байтугай “Д.Дагвадорж Япо­ны мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга болсон учраас 68 хувийн татвар ноогдуулж байгаа юм” хэ­мээн хууль санаачлагчдын нэг нь ярьснаас болж ухаан муутайгаар дуудуулсан нь ч бий. Гэхдээ энэ хууль хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд манай улсад гадаадын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү гэхээс биш лав буурсангүй. Харамсалтай нь, гэнэтийн ашгийн татвар улсын тө­сөвт 68 тэрбум төгрөгийн орлого оруулж, улстөрчдийн сонгуулийн ам­лалтаа биелүүлэхэд гарах зардлаас бага ч болтугай хугасалж өгснөөс хэтрээгүй билээ. Бас дээр нь ганц “Эрдэнэт” үйлдвэр л татвараа бүрэн төлсөн гэх. Оюутолгойн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз” ч үүнээс бултаж чадсан юм. Өнөөдөр уул уурхайн салбараас хэт хараат болсон эдийн засагт маань ха­лалт үүсч, инфляци өссөөр бай­на. Сангийн сайд С.Баярцогт “Ма­най улсын дотоодын нийт бү­тээг­дэхүүн ирэх онд 25 хувиар өснө” хэмээн гайхуулж сайрхах аяс­тай зүйл ярина. Гэтэл цаана чинь австраличууд эдийн засгийн үзүү­лэлт нь хэтэрхий хурдацтай нэ­мэгдэж байгаад санаа зовж байна. Тэд инфляциас болгоомжилж, до­тоодын нийт бүтээгдэхүүний өсөл­тийг сааруулахын тулд 30 хувийн татварыг бодож олжээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж