Ура! Цалин, тэтгэврийн нэмэгдлийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Ура! Цалин, тэтгэврийн нэмэгдлийг хойшлууллаа

УИХ
өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаараа төрийн
албан хаагчид, ахмад настны тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг
нэг сараар хойшлуулахаар болж шийдвэрлэлээ. Мэдээж энэ шийдвэр сануулах
ажил хаялт зарлахаар бэлтгэлээ базааж буй багш нарт сайхан санагдахгүй ч
Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг бүтээж байгаа нэг сая гаруй иргэнд таатай
сонсогдох болов уу. Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2012 оны
нэгдсэн төсөвт цалин, тэтгэврийг гурав, тавдугаар сард 53 хувиар
нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм. Харин УИХ дээрх шийдвэрийг дөрөв,
аравдугаар сар болгон хойшлуулаад байна. Ийм шийдвэрийг гаргахад УИХ-ын
төвшинд амаргүй л байлаа. Багш нарыг сонгуулийн сурталчилгаандаа
дайчилж, санал хураалтыг өөрийн талдаа өгүүлж гаршсан гишүүдийн хувьд
“Ирэх даваа гаригт багш нар ажил хаяна гэж байна. Ийм үед та нар
цалингийн нэмэгдлийг нь дахиад хойшлуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэж
ирээд л зусардах. Өнгөрсөн он жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлыг аваад
үзвэл жилийн дөрвөн улирлын гуравт нь багш нар гудамжинд жагсч, “Цалин
нэмэхгүй бол ажил хаяна” гэж сүрдүүлж, шантаажилсаар иржээ. Иргэний
хөдөлгөөнүүдээс илүүтэй олон жагсаалыг багш нар зохион байгуулсан гэвэл
хэтрүүлсэн болохгүй. Жагсаал бүртээ ажлаа хаях ч цалингаа тэд бүтнээр нь
авна. Хэрэв хувийн хэвшилд ажиллагсад тэдний нэгэн адил нэг өдөр ажил
хаясан бол маргааш нь ажилгүй гудамжинд лааз өшиглөнө. Яагаад гэвэл
хувийн хэвшлийнхэнд нэг өдөр ажил хаях нь байтугай 10 минутаар ажлаас
хоцроход торгуулийн систем үйлчилдэг. Учир нь минут бүрийн ард баялаг
бүтээх хором, мөч бүхэн эргэлдэж байдаг болохоор хувийн хэвшлийнхэнд цаг
хамгийн үнэ цэнэтэй.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Засгийн газраас
төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг УИХ-д өргөн
мэдүүлж тэр бүгдэд багш, эмч нарын цалин жилээс жилд өсч ирсэн ч оюутан,
сурагчдын сурлага, эмнэлгүүдийн үйлчилгээнд ахиц гарсангүй. Зүй
тогтлоороо хувийн хэвшлийн салбарт цалингийн өсөлт бүтээмжийн өсөлтийг
дагадаг бол төрийн албанынхны цалингийн өсөлт ажлын чанартай уялдах
ёстой. Гэвч иргэд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд жил бүрийн намар багшид
нь хахууль өгдөг бол дунд сургуулийн багш нар сурагчдаасаа тогтмол
“татвар” авсаар ирэв. Ичихгүй  “Бид өдөр бүр хүний хүүхэдтэй ноцолддог
байж хамгийн бага цалин авдаг” гэж гомдоллоно. Тийм л сүрхий хүний
хүүхэдтэй өдөр бүр ноцолддог юм бол сэтгэл гаргаад хэд нь хүнд бэрх
амьдрал туулж яваа сурагчдынхаа ар гэрийн амьдралтай танилцсан юм бэ. Ар
гэрт нь очиж эцэг, эхтэй нь уулзах зайлшгүй шалтгаан байсан ч автобусны
мөнгөндөө голоо цохиод очихгүй. Тэгсэн хэрнээ “Тэдэн сарын тэдэнд
багшийнх нь төрсөн өдөр” гэж байгаад сурагч нараараа наад зах нь гар
утас авахуулж дөнгөнө. Нэг, гурав, тав, ес, арваннэгдүгээр анги төгсгөх
бүрийд багш нар гэртээ хөргөгч, телевизор, хивс зэргийг сурагч нараараа
авахуулж амьжиргаагаа тэтгүүлнэ. Зун нь 48 хоног амарна, амралтын мөнгө
гээд сая гаруй төгрөг төсвөөс “тоншино”.  Цалингийнхаа хажуугаар улирал
тутамд урамшуулал авна. Гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх
хэмжээний мөнгөн тэтгэмж авна. Сая саяар нь авна, сэтгэл ханана гэж
үгүй. Хувийн хэвшлийнхэнд бол 48 сарын амралт байтугай, хөдөө хөхөрч
гадаа гандаж явсан ч гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх
хэмжээний мөнгөн урамшуулал олдохгүй. Улирал тутамд олгодог урамшууллын
тухайд бүр ч сураггүй. Гэвч тэд төрийн албан хаагчид, тэтгэврийнхнийг
цалинтай, улс оронд авто зам барьж, барилга барих хөрөнгөтэй болгохын
тулд цаг наргүй ажиллаж, татвар төлнө. Хувийн хэвшилд ажиллагсдын төлөө
төрөөс өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ. Өндөр хүүтэй банкны зээлээр
боомилж, бодит эдийн засгийг гацааж ирснээс биш татварын хөнгөлөлт,
чөлөөлөлт үзүүлсэн нь үгүй. Байсхийгээд төрийн нэр барьсан хянан шалгагч
нар ирж ажил үймүүлнэ. Бас цалин, тэтгэвэр нэмж, лай дагуулна. Тиймээс
багш нар аа “Цалин нэм” гэж төр, засгийг шантаажлахаасаа өмнө ажлаа
сайжруулчихаад дараа нь шаардлагаа тавь. Хэнийг өнөөдөр ирэх сонгуулийн
чимээнээр Хөх хот, Бээжингээр аялуулж зугаацуулж байгаа билээ. Багш нар
та нарыг л эрхлүүлж байна шүү дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж