Ахмад настанд нэг сая төгрөг олгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Ахмад настанд нэг сая төгрөг олгохыг дэмжлээ

ТЕНДЕРИЙН ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛИЙГ ХОЙШЛУУЛНА

Төсвийн хуулийг арванхоёрдугаар  сарын 1-нээс өмнө батлах үүрэг УИХ-д бий. Энэ асуудал дээр тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсан намын бүлгүүд өчигдөр үдээс хойш зөвшилцөлд хүрснээр нэлээд оройхон чуулганы хуралдаанаар оруулан хэлэлцсэн байна. Гэхдээ чуулганы хуралдаанд оруулахын өмнө хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн байх ёстой аж.  Энэ ёсоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд баасан гаригийн үдшийн 21.00 цагийн орчим эхэлсэн юм. Хуралдааны ирц 57,1 хувьтай байлаа.

Хуралдаанаар эхлээд Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны зургадугаар сарын 9-ний өдрийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Уг хуульд хуулиар эрх олгогдсон худалдан авах ажиллагааг зохион байгуу­лах, хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах болон худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай асуудлыг тусгасан аж. Хуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн гүйцэд хангах зорилгоор энэхүү хуулийг хэрэгжүүлэх хугацааг нь 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах санал­тай гэдгээ Сангийн сайд хэлж төслөө танилцуулсан юм.

Ийнхүү хойшлуулах болсныг тайлбарлавал хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийг дагалдан гарах зарим хууль хараахан гүйцэд гараагүй байгаа. Тухайлбал, боловсон хүчний асуудал, түүнтэй холбоо бүхий сургалтын асуудал гэхчлэн агентлагийн даргыг авахад хүртэл 45 хоногийн нээлттэй шалгаруулалт зарлах гэхчлэн нэлээд ажил хийгдэх шаардлагатай байгаа аж. Энэ тухай гишүүд сонссоны дараа санал хураалт явуулж хуулийн үйлчлэлийг хойшлуулахыг зөвшөөрчээ.

НАМЫН БҮЛГИЙН САНАЛЫГ БАТАЛГААЖУУЛАВ

Дараа нь хуралдаанаар ирэх оны төсвийн тухай холбогдох хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн хэлснээр, төсвийг үр ашиг талаас нь харгалзан үзэж, түүнчлэн олон нийтийн санал шүүмжлэлд анхааралтай хандан хүлээж авч, УИХ дахь хоёр намын бүлэг таван удаа төсвийг хэлэлцэн боловсруулсан гэнэ. Төсвийн зарлага талыг бууруулах, инфляцийг хоёр оронтой тооноос бууруулахад анхаарсан, ирэх оны төсөв нь зарлага ихтэй ч макро эдийн засгийн үзүүлэлтийг нэлээд сайжруулсан төсөл болсон гэдгээ ч мөн дуулгав.

Ингээд тус хуралдааны өмнө хуралдсан хоёр намын бүлгийн хурал­­даанаар санал хураахгүйгээр дэм­жигдсэн горимын саналуудыг байнгын хорооны гишүүд мөн дэмжсэн аж.

Байнгын хороодын дэмжсэн саналууд буюу төсвийн урсгал зардлыг бууруулах санал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх талаар гаргасан саналууд дийлэнх нь ийнхүү дэмжигдсэн байна.

Дараа нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх талаар гаргасан болон байн­гын хороодын дэмжээгүй сана­луу­даар санал хураалт явуулж дуусав. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс ирүүл­­сэн саналуудаар санал хураахад зарим сана­лыг дэмжих боломжгүй гэж үзсэн юм.

Ингээд Төсвийн байнгын хороо ирэх Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан байна.

АХМАД НАСТНУУДАД НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

Хуралдааны төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төс­лүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдгээр нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төс­лийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн юм.

Дээрх хуулийн төслүүдийг нэг бүрчлэн хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүд байгаагүй бөгөөд төслүүдэд өгөх саналтай гишүүд мөн гарсангүй. Иймд анхны хэлэлцүүлгээр нь дэмжих тухай байнгын хорооны горимын саналууд дэмжигдэж, хуулийн төслүүд болон тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Эдгээр хуулийн төслөөс онцлон тайлбарлавал Хүний хөгжил сангаас 2012 онд хүртээх хишиг хувийг тогтоохдоо иргэн бүрт 128 мянган төгрөг, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан бүрт нэг сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт нэг сая төгрөг олгохыг байнгын хорооноос дэмжсэн гэсэн үг.

Ийнхүү хуралдаан Төсвийн байн­гын хорооны хуралдаан 23.00 цаг дө­хүү­лэн өндөрлөв. Дараа нь УИХ-ын чуул­­ганы нэгдсэн хуралдаан эхэлсэн юм.

Б.МАНДАХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж