Австралид ”Монгол судлалын бага хурал” болов

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Австралид ”Монгол судлалын бага хурал” болов

Монголын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойд зориулан Австралийн Үндэсний Их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төв, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам хамтран энэ 11 дүгээр сарын 25-нд Монгол судлалын анхдугаар бага хурлыг Канберра хотноо зохион байгуулж, Австрали дахь Монгол судлалын төвийн албан ёсны нээлт хийлээ.

     Дэлхийн бөмбөрцгийн доод хэсэгт, Австрали тив улсад монгол судлал ийнхүү албан ёсоор байгуулагдаж буй нь монголын түүх, хэл, соёлыг Австрали тивд төдийгүй Номхон далайн бүс нутагт түгээн сурталчлах их ирээдүйн эхлэлийг тавьж өгсөн чухал арга хэмжээ болж байна хэмээн Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол судлалын бага хурлыг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. 

    Бага хуралд дэлхийн нэрт монгол эрдэмтэн Игор де Рачевиц, Австрали дахь Монгол судлалын төвийн захирал док. Ли Нарангоа, судлаач проф.Кент Андерсон, Роберт Криб, МУИС-ийн Монгол судлалын төвийн захирал док. Ж.Бат-Ирээдүй, МУИС-ийн антропологийн тэнхимийн эрхлэгч проф. Ч.Түмэн нарын 30 гаруй эрдэмтэн, монгол судлаач, оюутнууд оролцож түүх, археологи, антропологи, хэл, соёл зэрэг олон салбарыг хамарсан илтгэлүүд тавьж, сонирхолтой яриа хэлэлцүүлэг өрнүүллээ. Австралид зохион байгуулсан Монгол судлалын анхдугаар бага хурал нь Монголыг сонирхдог, судалдаг эрдэмтэд, багш, оюутнуудыг хооронд нь уулзуулж, танилцуулж, улмаар санал бодол, мэдээлэл солилцох, ахмад болон шинэ үеийн монгол судлаачдын хэлхээ холбоог бэхжүүлэх аятай боломж олголоо.  

    Монгол судлалын бага хурлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан нь Монгол Улсаа, монгол судлалыг Австралид сурталчилсан чухал арга хэмжээ боллоо.

 

Элчин сайдын яам
Канберра хот

2011 оны 11 дүгээр сарын 26


    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж