Дуучин Д.Болдыг Төр соёрхов

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдыг Төр соёрхов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны төрийн соёрхол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд болов. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат цогц бүтээл туурвисан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан, “Эрдэнэт” үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор Жамсранжавын Баатархүү, зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор  Зоригтын Ганбаатар нарын дөрвөн хүн, “Монгол поп” гарамгай бүтээл туурвисан дуучин Д.Болд нар Төрийн соёрхлын эздээр тодорчээ.

О.Батсайхан нь ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад VIII Богд Жавзандамба хутагтын гүйцэтгэсэн үүрэг болон Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээхтэй холбоотой түүхэн үнэнийг баримт сэлт, архивын эх сурвалжид тулгуурлан бодитоор гаргасан “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ /1911-1916/”, “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт ба 1911 оны үндэсний хувьсгал”, “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд /1911-1946/” зэрэг шинжлэх ухаан, танин мэдэхүй, баримтат түүх бичлэгийн шилдэг цогц бүтээл туурвисан байна.

Ж.Баатархүү, З.Ганбаатарын хүмүүс   “Эрдэнэтийн овоо” ордын  геологийн нөхцөл хүндэрснээс  бий болсон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хүдрийн шинж чанарын хувиралтад тохирсон баяжуулах технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг богино хугацаанд цогцоор шийдсэн “Зэс молибдений хүдэр баяжуулах техникийн шинэчлэл, эрчимт технологи” бүтээлийг гаргаж, улс орныхоо эдийн засагт өндөр үр ашиг өгсөн хувь нэмрийг оруулжээ.
Д.Болд Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон “Монгол поп” гарамгай бүтээл туурвиж эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн соёрхол гардуулсныхаа дараа хэлэхдээ “Жил бүр улс тунхагласны баярыг тохиолдуулан Монгол төр соёрхлоо хүртээдэг. Батсайхан эрдэмтэн монголчууд зуун жилийн өмнө тусгаар тогтнолоо сэргээн тогтоох үйл явцыг судалж, түүхийг үнэн бодитойгоор гаргаж ирэхэд амаргүй судалгаа хийж, онцгой хувь нэмэр оруулсан. Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамбын тухай, бусад түүхэн үйл явдлыг судалж байна,  цаашид ч олон судалгаа хийнэ гэж бодож байна. “Эрдэнэт”  бол олон зүйлээрээ Монголд үлгэрлэж байгаа үйлдвэр юм. Энэ үйлдвэрийн  зэс, молибдений гарц, хүдрийн баялгийн хэмжээ ашиглах тутам багасч байна. Манай инженерүүд үүнийг олж харж, зэс хүдрийн баялгийн гарцыг нэмэгдүүлэх замаар улсынхаа эдийн засагт ямар том хувь нэмэр оруулж байгааг та бид харж байна. Үүний зэрэгцээ “Эрдэнэт” олон шинэ зүйл хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд ашиглаж байсан усандаа суурилаад байгаль орчин, хүн арддаа зохистойгоор усан цахилгаан станцын асуудлыг шийдлээ. “Эрдэнэт” үйлдвэрийг дагаад Эрдэнэт хот байгуулж, мөн сургууль, цэцэрлэг гээд хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг  бүх хэрэгцээтэй талаас нь шийдсэн. Үүнд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн. Өнөөдөр ч энэ сэтгэл зүтгэл үргэлжилж байна. Цаашид монголчууд уул уурхайгаа ашиглахад “Эрдэнэт” үйлдвэр жишиг болж явах учиртай юм. Монголчууд бол гайхамшигтай түүх соёлтой, дуу хууртай, урлагтай ард түмэн. Дэлхий  дээрх дуун урлагийн хоёр гайхамшигтай урсгалын нэг нь болох  уртын дуу, түүнээс улбаалсан олон урсгал, чиглэл байдаг байх.  Монгол бол өөрийн гэсэн рок поптой, өөрийн дуулдаг дуутай, өөрийн шүтээнтэй орон. Хамгийн гол нь ард түмний онцлог, газар нутаг, олон зууны уламжлал, түүх, урлаг соёлоо орчин үетэйгээ хослуулан зоригтойгоор шинэ урсгалыг гаргаж ирсэн нь Болдын гавьяа юм. Монголын түүхэнд рок попын чиглэлээр хийсэн бүтээж , шинийг санаачилж , бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн дуучин төрж байгаа нь бахархууштай юм. Болд маань энэ их хүндэтгэлийг хүлээлээ. Цаашид олон зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. Төрийн соёрхолыг дааж яваарай. Та бүхэнд дахин баяр хүргэе” гэв.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж