Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Д.Болд биш дээл нь л…

Өнөөдөр шинэхэн төрийн шагналтнууд Ерөнхийлөгчөөс соёрхол хүртлээ. Монголын сүүлчийн эзэн хаан наймдугаар богд Жибзундамбын ХХ зууны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр нь судлан бүтээл туурвисан эрдэмтэн О.Батсайхан, агууламжийн орц, хэмжээ нь багасч буй хүдрээс илүү орц гаргаж авах бололцоог нээсэн дөрвөн судлаач нартай зэрэгцэн дуучин Д.Болд төрийн шагнал хүртэв.

Д.Болд ийм том шагнал хүртсэнд жаахан дурамжхан хүмүүс нэлээд олон тааралдав. Төрийн ордонд цагаан эсгий дэвсэн байж нэг концерт тавьсан, тэгээд саяхан UB паласт “Монгол поп” тоглолтоо хийсэн түүнд шагнал нь арай ахаджээ гэсэн яриа Д.Болдыг Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнөөс гараагүй шахам байхад дуулдаад эхлэв. Уг нь Ерөнхийлөгч түүнд шагнал хүртээхдээ “Дэлхийд монголчууд уртын дууг, италичууд дуурийг бүтээсэн. Рок поп гэхээр гадаадын хөгжим гэж манайхан санадаг. Д.Болд бол үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монгол өөрийн рок поптой боллоо. Шинэ урсгал гаргаж ирсэн Д.Болдод рок попынхноос анхны төрийн шагнал хүртээж байна” гэсэн юм.

Д.Болдын энэ гавьяаг үгүйсгэсэнгүй. Харин хийсэн бүтээсэн нь арай л нимгэн байгаа болохоор Төрийн шагнал гэх энэ том хүндтэй соёрхол ахдаад байна гэж үзэх хүн цөөнгүй байна. Ардын дууг рок поп урсгалд оруулсан анхдагч нь ч Д.Болд арай биш. Тэртээ гуч, дөчөөд жилийн өмнө Соёл-Эрдэнэ чуулгынхан “Тонжоо”, “Боодогтой сэвгэр”, “Дангийн даавуу майхан”, “Хүүш Дамдин” гээд ардын олон дууг рок поп стилиэр дуулж байлаа. Хаалттай нийгмийн үед ийн зориглосон тэд жинхэнээрээ монгол попын хаад байх ёстой. Хоёрхон удаа концерт тоглосон Д.Болдод арай том бүтээл хийснийх нь дараа төр соёрхлоо хайрласан бол үзэгч олон хүлээн авах байсан нь маргаангүй.

Өнөөдрийн хувьд Д.Болдоос илүү түүний өмссөн тансаг цагаан дээл нь л илүү ур шингэсэн нүнжигтэй эд харагдана лээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж