Б.Обама Иранаар ”тоглож”, газрын тосны үнийг хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Б.Обама Иранаар ”тоглож”, газрын тосны үнийг хөөргөжээ

АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болсон. Барак Обама энэ тухай өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдээлжээ. Ираны газрын тосны салбарыг хүнд байдалд оруулахын тулд хийж буй энэ алхам нь түүхий эдийн үнийг хөөрөгдөж байгаа юм. АНУ-ын Засгийн газрын хувьд Ираны газрын тос, химийн технологийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудын үйл ажиллагааг хоригложээ.

Түүнчлэн Ираны банкуудтай гүйлгээ хийх бүх боломжийг хаасан юм. Энд сөхөгдөж байгаа хамгийн том асуудал бол газрын тосны нийлүүлэлт. Иран улс өдөрт 2.2 сая баррель газрын тос экспортолдог. Энэ салбар дахь худалдаагаа төв банкаараа дамжуулан хийдэг. Харин АНУ-ын эдийн засгийн хоригоос болоод Хятад, Япон, Энэтхэг рүү гаргаж буй экспортод нь тодорхой хэмжээнд өөрчлөлт орох бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн зөвлөх байсан Роберт Макнэли "Энэхүү хориг арга хэмжээ нь Ираныг АНУ-аас бусад оронтой харилцаагаа зузаатгах боломжийг олгож байна" хэмээн дүгнэжээ.
 
Иран улс газрын тосны экспортын хэмжээгээр Саудын Араб, Оросын дараа ордог. Энэ салбараас олсон орлогын 50 хувийг Ираны Засгийн газар авдаг аж. Б.Обама Махмуд Ахмадинежадыг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа хэмээн харддаг. Харин газрын тосны салбараас олох орлого нь багасаад ирвэл санхүүгийн хувьд хүнд байдалд орж, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлаасаа ухарна хэмээн тооцсон бололтой.

Гэхдээ АНУ-ын нөлөөллийг сулруулахыг эрмэлзсээр ирсэн Хятад, ОХУ байхад М.Ахмадинежад үүнд санаа зовох шаардлагагүй хэмээн шинжээчид дүгнэжээ. Ямартай ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гайтнер Ираны банкны салбарт гол анхаарлаа хандуулж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна Их Британи, Канадын Засгийн газар АНУ-тай адил арга хэмжээ авч, Ираны банкууд руу гүйлгээ хийх гарцыг хаасан байна. Их Британийн хувьд энэ бол анхны тохиолдол юм.

Харин Оросын эрх баригчид тэднээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тус улсын Гадаад хэргийн яам "Энэхүү хориг арга хэмжээ нь олон улсын эрхэнд харшилж байна" хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь Иранд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудад томоохон цохилт болно гэж үзсэнтэй холбоотой. Гэсэн ч америкчууд байр суурин дээрээ хатуу зогсож байна. Тэд Иран цөмийн хөтөлбөрөө зогсоох хүртэл иймэрхүү байдлаар дарамт, шахалт үзүүлсээр байх юм.

АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөрт оролцсон компаниудын жагсаалтыг гаргачихаад байгаа. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн илтгэлд дурьдсанаар бол Иран улс 2003 оноос хойш цөмийн зэвсэг гарган авахаар ажилласан гэх. Түүнчлэн Ливийн удирдагч агсан М.Каддафигийн цэргүүд тус улсаас химийн зэвсэг авдаг байсан талаарх мэдээлэл "Washington Post" сонинд гарсан юм. Энэ бүхэн нь Ираны эсрэг авах хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь зөв гэдгийг нотолж байгаа бололтой.

Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх нэгдүгээр сард худалдаанд гарах нэг баррель газрын тосны үнэ 98.21 ам.доллар болж нэмэгджээ. Нефтийн үнэ 100 ам.доллар руу ойртсоор л байна. Үүнд Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нэлээд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Сирийн үймээн газар авч, иргэний дайн дэгдэхэд ойрхон болсон нь газрын тосны зах зээлд нөлөөлж байна. Арабын холбоо Сирийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчихаад байгаа.

Арабын орнууд дахь Сирийн төв банкны активуудыг хааж, тус улсын албаны төлөөлөгчдийг зорчихыг хориглон нислэгүүдийг нь цуцалсан байна. Сирид сүүлийн найман сарын турш үргэлжилсэн үймээний үеэр 3500 гаруй хүн амиа алдсан. Харин тус улсын эрх баригчид Арабын холбооны энхийн төлөвлөгөөний дагуу ажиглагчид илгээх шаардах бичгийг хүлээн аваагүй билээ. Тиймээс Арабын холбооны 19 гишүүн улсын саналыг авч, Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон юм.

Цаашлаад АНУ, Европын холбоо тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлжээ. Ойрхи Дорнодын орнууд дундаас Ираны гол хамтрагч нь Сири улс. Өөрөөр хэлбэл, Сирийн одоогийн эрх баригчид М.Ахмадинежадтай хамтардаг гэсэн үг. Харин АНУ тэдний эсрэг зогссон босогчдыг дэмжсэнээрээ Ираныг бүс нутагт нь ганцаардуулах гэж оролдож байгаа бололтой. Түүнчлэн Арабын ертөнц дэх хүйтэн дайн Саудын Араб, Ираны хооронд үргэлжилсээр байгаа билээ.

Өнгөрсөн жил АНУ-д суугаа Арабын Эмират болон Саудын Арабын Элчин сайдууд америкчуудын Ираны эсрэг хийж буй ажлыг дэмжиж, хатгасаар байгааг харуулсан баримт олон нийтэд дэлгэгдсэн. Иран цөмийн зэвсэгтэй болбол бүс нутгийн нөлөөлөл нь улам идэвхжиж, газрын тос тэр-гүүтэй түүхий эдээр баялаг Ойрхи Дорнодын бүс нутгийг АНУ бүрэн утгаар нь алдах юм. Түүнчлэн сүүлийн үед АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлж магадгүй гэх мэдээлэл ч гарсан.

Гэхдээ энэ нь Ираны цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлыг зогсоохын тулд хийж буй сүрдүүлэг төдий алхам хэмээн шинжээчид дүгнэж байна. Учир нь Иран бол цэргийн салбар нь өндөр хөгжсөн орон. Тиймээс энэ удаад эдийн засгийн хориг арга хэмжээгээр дамжуулан Ираны эрх баригчдад нөлөөлөх гэж оролдож байгаа бололтой. Гэхдээ энэ бүхэн нь газрын тосны үнэ тэнгэрт хадахын дохио болж байна уу гэлтэй.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж