“Барилгын салбарт үнийн хөөсрөл байгаа нь үнэн”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Барилгын салбарт үнийн хөөсрөл байгаа нь үнэн”

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны гишүүн М.Батбаатартай “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар ярилцлаа.


-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Ер нь энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна, ахиц гарч байна уу?

-Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн хөтөлбөр хэрэгжихэд том түлхэц өгч байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байгаа. Учир нь уг хөтөлбөрийг хэзээ хэрэгжих вэ гэсэн хүлээлт нийгэмд маш их байна л даа. Орон сууцтай болох гэсэн хүмүүсийн хүсэл их байна. Ерөнхийдөө орон сууцны хэрэгцээ Монголд асар их байгаа юм. Тиймээс иргэд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр ямар байдалтай байгааг их сонирхдог. Мэдээж 100 мянган айлын орон сууцыг барихад Монгол Улсад маш их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа. Тэр мөнгийг нь Хөгжлийн банкнаас гаргаж өгөх ёстой юм. Өнөөдрийн байдлаар тус банкнаас хөтөлбөрт зориулж нэг ч төгрөгийн бонд гаргаагүй байна.  Энэ 2011 онд гэхэд л Хөгжлийн банкнаас нийтдээ 800 тэрбум төгрөгийн бонд гаргахын 300 тэрбум нь  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах ёстой байсан.  Энэ хөрөнгийг Хөгжлийн банк 2011 онд багтаан гаргаж өгч чадахгүй нь ойлгомжтой л болж байх шиг байна. Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрийг авч хэлэлцээд хэрхэн тухай шийдвэр гарсан нь ахиц юм даа.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээл гаргасан арилжааны банкуудыг дэмжих, барилгын материал үйлдвэрсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, импортын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон байна лээ?

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороог Засгийн газраас байгуулсан. Энэ хорооны даргаар Шадар сайд М.Энхболд ажилладаг. Үндэсний хороо өнгөрсөн даваа гаригт хуралдаж, энэ асуудлыг ярилцсан юм. Хөтөлбөрийг яаж түргэтгэх вэ, төрөөс ямар тусламж дэмжлэг авмаар байна вэ гэдгээ хэлэлцээд хэд хэдэн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Бага дунд орлоготой иргэдийг байртай болгох зорилгоор бага хүүтэй зээл гаргасан банк санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, хилээр орж ирж байгаа барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх, мөн барилгын материал үйлдвэрлэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасан  байна лээ.  Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэхээр боллоо. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо. Уг нь энэ бүгдийг өнөөдөр биш өчигдөр шийдвэрлэсэн бол тодорхой хэмжээний ахиц, амжилт гарчихсан байх байсан юм.  Монголчууд бид болгоомжилсоор байгаа маш их цаг алдлаа.  Хөтөлбөрийг хэрэгжих гэсээр байтал орон сууцны үнэ ч талийж байна. Иргэд ч бүр цөхөрч байх шиг. Энэ нэг хөтөлбөр нь худлаа юм байна л даа гэсэн ойлголт иргэдэд бий болчихож. Улстөрчид  сонгуульд амжилттай л оролцоё гэвэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой юм.  Хэрвээ нийслэлд 75 мянган орон сууц бослоо гэхэд тэр хэрээр гэр хорооллын өрхийн тоо буурна.

-Зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал нэгдүгээр сараас шийдэгдэж магадгүй юм биш үү. Хүмүүс үүнийг хүлээгээд л байна шүү дээ?

-Зургаан хувийн хүүтээ зээл гаргана гэдгээ Ерөнхий сайд аль хавар зарласан. Үүнд хамгийн их тээг болоод байгаа газар бол Хөгжлийн банк. Хөгжлийн банк арилжааны банктай адилхан асуудалд хандаад байх шиг. Уг нь Хөгжлийн банкны гол зорилго бол хөгжлийг тэтгэх шүү дээ. Гэхдээ мөнгөгүйн зовлон хаана хаанаа байна. Төр ганцаараа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэйгээ, дотоод гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахаас өөр аргагүй. Зургаан хувийн хүүтэй зээл хэзээ гарах вэ гэдэг асуултыг надад маш олон хүн тавьдаг. Маш олон хүн хөтөлбөр хэзээ хэрэгжих вэ  гэж асуудаг. Би шийдвэр гаргах хэмжээний хүн биш. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд л оролцож байгаа хүн шүү дээ. Зургаан хувийн хүүгийн асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Бага дунд орлоготой иргэдийг байртай болгоё гэж төлөвлөж байгаа бол зээлийг буулгахаас өөр арга замгүй. Монголбанк инфляцийн эсрэг мөнгөний бодлогоо чангаллаа. Үүнээс болоод өнөөдөр арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөчихсөн. Сарын 1,3 хувийн хүүтэй байсан орон сууцны зээл өнөөдөр 1,5-2,0 болчихлоо. Тэгэхээр яаж иргэдбайр худалдан авч чадах юм бэ. Бага дунд орлоготой иргэд л байргүй байгаа шүү дээ. Гэхдээ зээлээ гаргахаас өмнө эхлээд байраа баримаар байна.

-Зээлийг хаагуур, хэнээр дамжуулах юм бэ?

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдийг байртай болгох үүднээс нийтдээ 12 хувийн хүүтэй зээл гарч байгаа юм. Үүний зургаан хувийг нь иргэн өөрөө хариуцаж төлөх бол үлдсэн зургаан хувийгнь Засгийн газар дааж байгаа.  Ямар ч байсан эхний ээлжинд арилжааны банкаар дамжуулан зургаан хувийн хүүтэй зээл гаргах асуудлыг шийдвэрлэнэ. 

-Одоо 4000 айлын орон сууцны дэд хөтөлбөрийг хариуцан ажиллаж буй Орон сууц санхүүжилтийн корпорациар /ОССК/-аар дамжуулахгүй юм уу? Нэг хэсэг ОССК-аар дамжуулалгүйгээр шууд арилжааны банкууд олгох юм болов уу гэмээр ойлголт төрөхөөр мэдээлэл гарч байсан санагдана? 

-Дамжуулна. Арилжааны банк, ОССК, Засгийн газар гээд гурвалсан гэрээ байгуулахаар хэлэлцэж байна.  Удахгүй шийдэгдчих болов уу.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлж орон сууц барихаар зарим гэр хорооллынхныг нүүлгэж газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн. Хичнээн айлын газрыг худалдан авсан бэ?

-Энэ талаар би нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан эхний ээлжинд17 мянган айлын орон сууц барих боломжтой гэсэн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэлж заншсанаар Дөлгөөн нуурын арын гэр хороолол, Дэнжийн 1000-ын айлуудыг  нүүлгэн шилжүүлэхээр ярилцаж байна. Үүнийг төр басл ганцаараа шийдэж чадахгүй. Тиймээс гурван компанитай хамтран хэрэгжүүлэх юм.  Концессийн гэрээгээр дээрх орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ.

-Иргэдтэй ойлголцож чадаж байна, уу. Зарим хашаанд 2-3 өрх байгаа болохоор багагүй асуудал үүсгээд байгаа гэсэн яриа байна?

-Үнэн. Иргэд газраа өндөр үнээр зарахыг хүснэ. Тэдний буруу биш л дээ. Гэтэл төр бас тэр үнээр нь авч чадахгүй шүү дээ. Тиймээс үндсэн өмчлөгчид нь газрынх ньталбайнаас хамаараад 2-3 өрөө байр санал болгож байгаа. Ямар ч байсан өвлийн хүйтний үеэр иргэдтэйгээ наймаагаа хийгээд дуусгахаар Үндэсний хорооноос төлөвлөөд байна. Ирэх хавраас нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх гээд их ажил эхэлнэ дээ.

-Та байрны үнэ ирэх онд хоёр дахин хямдарна гэж нэгэнтээ ярьж байсан. Гэтэл байрны үнэ буурах нь байтугай өсчихлөө. Зарим хүмүүс барилгын материалын гаалийн татварыг нэмснээс болоод байрны үнэ өслөө гээд л бухимдаад байна шүү дээ?

-Хэрвээ хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл байрны үнэ буурна. Газар чөлөөлөх хөрөнгө, инженерийн шугам сүлжээ тавих мөнгийг нь төр дааж байгаа учраас байрны үнэ буурах нэгдүгээр шалтгаан болно. Хоёрдугаарт, төр бодлогоор зарим асуудлыг шийдвэрлэнэ. Барилга угсралтын компанийг татвараас чөлөөлөх, барилгын материалын гаалийн татварыг бууруулах гэх мэтчилэн арга хэмжээ авахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Барилгын материалын гаалийн татварыг нэмсэн нь хоёр талтай л даа. Нэг нь үндэсний аж үйлдвэрээ дэмжих хэрэгтэй гэх төрийн бодлого. Бид өөрсдөө үйлдвэрлэл эрхлэхгүй бол хүний аманд унасаар л байгаад таарна шүү дээ. Нөгөө талаас барилгын материалын гаалийн татварыг нэмснээр байрны үнэ өссөн нь үнэн. Ер нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн сургаар л орон сууцны үнэ өссөн нь үнэн.

-Барилгын салбарт үнийн хөөсрөл явагдаад байгаа. Энэ хөөс хагарах юм бол барилгын салбарт хямрал нүүрлэнэ гэсэн яриа байна?

-Барилгын салбарт үнийн хөөсрөл явагдаж байгаа нь үнэн. Гэхдээ 2008 оных шигээ хямрал нүүрлэхгүй гэж бодож байна. Тэртээ тэргүй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжээд эхлэх юм бол байрны үнэ хүссэн хүсээгүй буурна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж